Монгол улс, Унгар улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Будапешт хотноо “Улаанбаатарын соёлын өдрүүд”-ийг тавдугаар сарын 10, 11 ний өдрүүдэд зохион байгууллаа.
“Улаанбаатар хотын соёлын өдрүүд” арга хэмжээнд нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-тай түншилж ажилладаг 9 дүүргийн шилдэг 21 аж ахуйн нэгж, иргэний сор болсон 2130 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг дэлгэж, эх орныхоо жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн ур ухаан, авьяас чадвар, гарын дүйг гайхууллаа.
Тус сонгомол 2130 нэр төрлийн бүтээгдэхүүн дунд мөнгөн аяга, хөгжмийн зэмсэг, эсгий эдлэл, зүймэл урлал, боловсруулсан арьс ширэн бүтээгдэхүүн, мод модон эдлэл, шатар, дээл, монгол гутал, малгай бүс, ноос ноолууран бүтээгдэхүүнүүд багтсан юм.
Монгол, Унгар хоёр улс аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Энэ жилийн арга хэмжээнд Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо – нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн Европ зах зээлийн салбар холбооны 8 гишүүн тур оператор компани оролцож байгаа юм.
Арга хэмжээний хүрээнд нийслэлийн Аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны НЭЗХЭ, Будапешт хотын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын газар болон дипломат харилцаа хариуцсан төлөөллүүдтэй албан ёсны уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр Будапешт хотын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга Коталин Датнер нь Будапешт хотын аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээ, хотын бодлогын чиг хандлагын талаар товч танилцуулга хийсэн бол нийслэлийн Аялал жуулчлалын газраас Монгол Улсын аялал жуулчлалын хөгжил, жуулчин хүлээн авах бэлэн байдал, боломжуудын талаар мэдээлэл өгч, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхлоо илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь хоёр орны аялал жуулчлалын салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах эхлэл болсныг талууд дүгнэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.