СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-05-09

Монголоос фронтод явсан оросууд

Нийтэлсэн
8 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
8 цагийн өмнө

Зөвлөлт эх орны дайн эхэлсэн 1940-өөд  оны эхэнд Монголд олон мянган оросууд  суурьшиж байсан юм. Тэднээс 5000 гаруй хүн харийн дайснаас эх орноо хамгаалахаар дайн болж буй зүгт явсан байдаг. Энэ тухай  Марина Геннадьевна Таракановская архивын баримт түшиглэн ярьсан юм.

-Та өөрийгөө танилцуулна уу?

-Би чинь орос хүн болохоос Улаанбаатарын уугуул хүн байгаа юм. Манай аав, ижий Монголд хувьсгал ялсны дараахан орж ирж амьдарсан. Тиймээс ч би Монголд төрж сургуульд сурч Анагаахын сургуулийг 1980-аад онд дүүргэсэн. Эмч мэргэжилтэй хүн.

-Тэгэхээр аугаа эх орны дайны үед Монголоос фронтын зүг явсан орос хүмүүсийн тухай  сонирхож, судалж зураг, материал цуглуулах санаа хэрхэн төрсөн юм бэ?

-Манай ах дүү нараас дөрвөн хүн эх орны дайнд оролцохоор явсан байсан. Тэднийхээ амьдралын замналыг мэдэхийн тулд энэ түүхэн сэдэв рүү өнгийж үзсэн. Тэгээд л лавшруулж судалж олон хүний намтар, зургийг цуглуулсан юм.

Энэ маань хэрэг болж, эх орны их дайны 80 жилийн ойгоор фронтод очиж байлдсан орос хүмүүсийн тухай ном хийхэд хүргэсэн юм.

-Монголд тухайн үед тийм олон орос хүмүүс амьдарч байсан юм уу?

-Асар олон орос хүмүүс Монголд байсан түүхэн үнэн бий. Монголын хойд хил орчмоор, “Байгалийн казахууд” гэгдэх оросууд суурьшин ногоо тарьж, гахай, тахиа, үржүүлж амьдарч байв. Дийлэнх нь хойд хил, Алтанбулаг орчимд байсан ч бас Дорнод аймаг, Баянтүмэн, баруун хязгаар Ховдоор оросууд байсан юм билээ. Харин тэд зарим нь Орос улсын иргэншилтэй, зарим нь иргэншилгүй байж. За тэгж байгаад Зөвлөлтийн эх орны дайн гарсан. Энэ үед оросууд нэгдсэн зохион байгуулалтад орж фронтын зүг явцгаасан байдаг. Алтанбулагийнх гэхэд “Дайнд оролцогчдын хороо” байгуулагдан цэрэгт элсүүлж байлаа.

Фронтод явсан дайчдын нэг төлөөлөл Г.Г.Чернов Алтанбулагт ирэх үед. 1945 он.

-Бүгд цэрэгт дайчилгааны журмаар явж байж уу?

-Нас насны хүмүүсийг үе шаттайгаар татсан байдаг юм. Эхлээд 1920 онд төрсөн хүмүүс ч гэх юм уу. Нэг сонин нь олон хүн эх орноо гэсэн сэтгэлтэйгээр сайн дураараа фронтод явж байв. 16, 17 настай залуучууд нэг, хоёр нас нэмж цэрэгт явсан.

-Тэдгээр хүмүүс яг дайны голомтод очсон уу?

-Тэгсэн. Тухайлбал, Ленинградын хамгаалалтад өдөр бүр ширүүн тулаан болж байсан газруудад очсон тухай хожим нь буцаж ирсэн хүмүүс ярьсан байдаг юм.

Ялалтын төгсгөлд Берлинд очсон хүн ч байсан. Монголоос 5000 хүн явсан гэж дээр хэлсэн. Тэднээс 1500 хүн л буцаж ирсэн бий.

Фронтоос дайчид ар гэрийнхэндээ ирүүлж байсан захидалууд.

-Эх орны дайн олон зуун мянган хүний амь авч одсон гэдэг. Монголоос очсон оросууд ч дийлэнх нь буцаж ирээгүй юмаа даа.

-Тийм. Цэрэг дайны дадлага сургуульгүй зөвхөн ногоо тарьж аж ахуй эрхэлж байсан хүмүүс голдуу байсан болохоор амь үрэгдэгсэд нь олон байсан юм шиг байна лээ. Ер нь тэгээд заримын тухайд архивт ч материал ховор байдаг юм билээ.

Миний цуглуулсан материал дунд дайчдын фронтоос ар гэрийнхэндээ бичсэн захидал олон бий. Тэдгээр хуулбарласан захидлуудыг үзэхэд дайны талбарт ямар байгаа тухай бичсэн юм ер байдаггүй юм билээ. Маш товчхон ар гэрийнхнийхээ амар мэндийг эрсэн, тэдний үр хүүхдээ санаж байгаагаа л бичсэн байдаг.

-Танай гэр бүлийнхнээс дөрвөн хүн фронтод явсан гэсэн. Бүгд буцаж ирсэн үү?

-Бүгд эндэлгүй явж байгаад ирсэн.

Эх орны дайны ахмад дайчид.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин, Д.НАДМИД

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.