СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2025-05-08

🔴О.Батнайрамдал: Оюутолгойн дэргэд байх асар их баялагтай орд газрыг гадны хоёр компани хуваан авахдаа монголчуудтай зөвшилцсөнгүй

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
6 цагийн өмнө

Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулсан Оюу Толгойн зэс, молибденийн бүлэг ордтой холбогдох таван ашиглалтын тусгай зөвшөөрлийн хоёр тусгай зөвшөөрөл (MV-015225, MV-015226)-ийг "Онтрэ" ХХК эзэмшдэг бөгөөд уг тусгай зөвшөөрлүүдийн талбайд бүлэг ордын нийт батлагдсан нөөцийн 30 орчим хувь ноогдож байна.

Тус тусгай зөвшөөрлүүдтэй холбогдох асуудлаар 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Канад улсын Ванкувер хотын арбитрын шүүх нэгэн шийдвэр гарсан. Ингэхдээ Монгол Улсын эрх ашгийг огт оролцуулаагүй ноцтой зүйл заалт бүхий гэрээ албажсан талаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдал баримт дэлгэлээ. 

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

-Манай улсын стратегийн чухал орд газар болох асар их баялагтай газар нутаг Канадын хөрөнгийн бирж дээр арилжаалдаг, 450 сая долларын зах зээлийн битүүмжтэй "Онтрэ" ХХК дээр өнгөрсөн хугацаанд байсаар ирсэн. 2025.02.03-ны өдөр "Оюутолгой" ХХК, "Онтрэ" ХХК гэх хоёр компани хамтран ажиллах, ашиг хуваах гэрээгээ арбитрын шүүхийн гаргасан нөхцлөөр 76 хуудас гэрээгээр албажуулсан. 

Оюутолгойн бүлэг орд бол Монгол Улсын хамгийн сор болсон стратегийн орд газар. Дэлхийн шилдэг алт, зэсний орд шүү дээ. Гэтэл энэ орд дээр гадны хоёр компани манай улсын ямар ч оролцоогүйгээр гэрээ хийж албажуулсан байна. Бид Үндсэн хууль болон ашигт малтмал олборлох бусад хуулиар тус орд газрын 34 хувийг үнэ төлбөргүй эзэмших, эсвэл АМНАТ-аар орлуулах эрхтэй.

Энэ 76 хуудас гэрээг Оюутолгойтой хийсэн 54 хуудас гэрээтэй харьцуулж үзэхэд "Онтрэ" ХХК орд газрын ашгаа 20/80 хувиар хуваахаар тогтоосон байна. Энд Монголын талын эрх ашиг огт байхгүй. Энэ бол эмгэнэл. Монголын хамгийн том баялагтай газар нутаг дээр гадны хоёр компани ашиг хуваах гэрээ хийгээд, дунд нь монгол хүний эрх ашиг нэг ч заалтаар ороогүй байна.

Нэгдүгээрт, Оюутолгойн гэрээн дээр манай улс яагаад ногдол ашиг авч чаддаггүй вэ гэвэл тус компаниас бид маш том зээлийг маш өндөр хүүтэй авдаг. Ойролцоогоор 10 орчим хувийн хүүтэй зээл авдаг. Гэтэл энэ "Онтрэ" ХХК одоо эзэмшиж байгаа орд газраа ашиглахын тулд Оюутолгойгоос зээл авч ашиглаад эргүүлэн төлөх гэрээтэй юм байна. Зээлийн хүү нь 2,5-хан хувь байх жишээтэй. 

Хоёрдугаарт, Оюутолгойн 34 хувийг монголчууд эзэмшиж байгаа ч тэр хувьд ногдох зэсийн баяжмалаа борлуулах эрхгүй. Гэтэл "Онтрэ" ХХК өөрт ногдох зэсийн баяжмалаа өөрөө борлуулах эрхтэй байна.

Гуравдугаарт, Монгол улс баялгаа ашигласны төлбөр буюу 5 хувийн АМНАТ-ыг Оюутолгойгоос авдаг. Бүх уул уурхайн компаниуд орлого тогтворжуулах энэхүү АМНАТ-ыг манай улсад төлдөг гэсэн үг. Гэтэл "Онтрэ" ХХК Оюутолгойгоос 2 хувийн АМНАТ тооцон авахаар болжээ. Орлогоос зарлагаа хасаад 2 хувийн татвар авахаар байна. 

Ийм маягаар Дубайн гэрээтэй харьцуулахад "Онтрэ" ХХК-д асар их ашигтай гэрээг дээрх хоёр компани хоорондоо хийжээ. 

2025 оноос эхлээд энэ лицензийн талбайд олборлолт эхлэх бөгөөд үүнийгээ дагаар орлого орж эхэлнэ. "Онтрэ" ХХК-ийн талбайгаас олж байгаа орлогоос манай улс АМНАТ болон бусад татвар яаж авах нь огт ойлгомжгүй байна. Монгол улсын Засгийн газар Оюутолгой ХХК-тай яаралтай хэлэлцээрт орж энэ асуудлыг тодорхой болгомоор байна. Шийдвэрийг яаралтай УИХ-д танилцуулах хэрэгтэй байна. 

2009 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг яагаад байгуулсан бэ гэвэл Оюутолгойн зэс, молибденийн бүлэг ордын гурван  лицензтэй талбайг эзэмшиж байсан учраас гэрээгээ байгуулсан. Үлдсэн хоёр лицензийг "Онтрэ" ХХК эзэмшиж буй учраас Монгол Улсын Засгийн газар уг лиценз эзэмшигчтэй хэлэлцээрт орох ёстой.

2009 оны хөрөнгө оруулалтын гэрээ рүү энэ хоёр лицензийг чирж авчрах юм бол 2009 оны гэрээний 15-ын 5 дугаар заалт буюу одоо байгаа гэрээг нэмэлт өөрчлөлтөөр шийдвэрлэнэ гэж тусгасан байгаа учраас энэ хоёрын нэгээр шийдэх ёстой.

Өөрөөр хэлбэл, шинэ хөрөнгө оруулалтын гэрээг "Онтрэ" ХХК буюу лиценз эзэмшигтэй хэлэлцэх ёстой л гэсэн үг гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.