Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар дараах мэдээллийг өгөв.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан:
-Та бүхэнд долоо хоног бүр мэдээлдэг экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсгийн мэдээллийг танилцуулъя. Энэ ажлын хэсэг бол уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын нөөцийг өсгөх цогц арга хэмжээ, төлөвлөгөө байгуулаад ажиллаж байгаа.
Өчигдөр ажлын хэсэг хуралдсан. Дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар уул уурхайн бүтээгдэхүүний экспортын биет хэмжээ өссөн дүнгээрээ өмнөх оны мөн оны мөн үеэс давсан үзүүлэлттэй харагдаж байна. Нэгдүгээр сарын 1-ээс өнөөдрийг хүртэл хугацаанд улсын хэмжээнд 22.9 сая тонн нүүрс экспортод гарсан. Сүүлийн үед экспортыг нэмэгдүүлэх чиглэлд Бичигт боомтоор эрчим хүчний нүүрсний экспорт 2.9 дахин нэмэгдэж, хоёр сая 100 мянган тонныг экспортод гаргаад байна. БНХАУ-ын зах зээл рүү нийлүүлэгдэж буй эрчим хүчний нүүрсний эрэлт хэрэгцээ нь нэмэгдэж байгаа нь бидэнд 2025 оны үлдэх хугацаан дээр гурван сая тонн нүүрс нэмж экспортолж 100 сая ам.долларын нэмэлт орлого олох боломжийг нээж өгч байна.
Мөн бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай холбоотойгоор импортын бүтээгдэхүүн өссөн байна. Монгол Улсын валютын нөөц 5.2 тэрбум ам.доллар хэвээрээ хадгалагдаж байна. Валютын үнийн өсөлттэй холбоотойгоор Монгол банк валют борлуулах арга хэмжээг бодлогын дагуу авч хэрэгжүүлж байна.
Ирэх сарын 1-нээс БНХАУ-ын Ганцмод, манай улсын Гашуунсухайт боомтын гэрээ албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. Төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нөөс эхэлнэ. Энэ хүрээнд хоёр улсын Засгийн газар хооронд нийт гурван гэрээ байгуулсны хоёр нь манай яамтай хамаатай. Эдгээр нь нүүрс худалдах, худалдан авах гэрээ болон "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэрээ юм гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.