Нийтлэлч Баабар: "Оросын өмч байршиж байвал газар нь мөн Оросын хамааралд шилжинэ" гэж зарлаад байна шүү дээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өчигдөр болж Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж, олонхын саналаар дэмжээгүй. Харин өнөөдөр төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэнэ. 

Энэхүү төслийн талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан "Бид онгоцны түлшээ ОХУ-аас авахаас өөр ямар ч гарц гаргалгаа байхгүй. Бид нислэггүй болох юм уу!? 2024 оны есдүгээр сард В.Путин ерөнхийлөгчийг айлчлахад Монгол Улсын Засгийн газраас өөрсдөө бид нар хүсэлт тавьсан шүү дээ. Өөрсдөө хүсэлт тавчихаад араас нь гонгиноод байж болохгүй биз дээ" хэмээн хамгаалсан байдаг. Харин үүний хариуд нийтлэлч Баабар: 

-Оросоос Ц.Анандбазар олон жилийн турш авчирч нийлүүлсээр л байгаа шүү дээ. Гэнэтхэн оросын шүүхээр шийдүүлдэг, Оросын дургүй оронд сумлаж өгөхгүй, Оростой хамтарсан компани байгуулах болсноо тайлбарлаач, Дэлгэр ээ! Хэн ч Оросоос бензин авахаа болилоо гээгүй биз дээ? "Бидний хамтарч ажилладаг улсад Оросын өмч байршиж байвал газар нь мөн Оросын хамааралд шилжинэ" гэж ОХУ-ын Гадаад харилцааны сайд С.Лавров хоёр утгагүй зарлаад байна шүү дээ.

Надаас эхлээд цөмөөрөө чиний наад яриаг ойлгохгүй байна, чи нэг сайхан тайлбарлаач. Онгоцоо сумлуулахгүй бол шатахуун нийлүүлэхгүй гээгүй биз дээ, оросууд? Оросоос шатахуун авахгүй бол манай онгоцнууд нисэхгүй болно гэдгийгээ тайлбарлаач. Ойлгочихвол эх орныхоо төлөө чамайг дэмжье л дээ гэжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.