ТАЗ доторх найраа Л.Цэдэвсүрэнгийн суудлыг ганхуулахад хүргэлээ

Төрийн албаны зөвлөл (ТАЗ) гэх сүржин нэртэй ч, ажил хэрэг дээрээ төрийн албаны сахилга, хариуцлагыг зөрчигч байгууллага болчих вий гэх эргэлзээ олон нийтийн дунд төрж байна. Үүнийг батлахуйц нэгэн ноцтой зөрчил ил боллоо.

2024 оны 11 дүгээр сарын 14, 18-ны өдрүүдэд болсон Нийслэлийн Мал эмнэлгийн газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцсон Б.Цолмон гэх эмэгтэйг ТАЗ-ийн Ажлын албаны дарга Б.Жавзан хууль бусаар шалгаруулсан нь баримтаар нотлогдож байна. Тодруулбал, тэрбээр шаардлага хангаагүй нэр дэвшигч Б.Цолмонг шалгалтад оруулж, шалгалтын дараа шаардлагатай материалыг нөхөж бүрдүүлэн, хууль зөрчин томилгоо хийжээ.

b4fedf53 6516 4021 86a5 1c0bdd91063d

Төрийн албаны тухай хуулийн 23.2.2-д зааснаар “эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх ...хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 4-өөс доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх” шаардлага тавигддаг.

Гэтэл Б.Цолмон энэхүү шаардлагыг хангаагүй төдийгүй, шалгалтын үндсэн материал болох Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудсыг шалгалт дууссанаас 3 сарын дараа, 2025 оны 2 дугаар сарын 7-нд нөхөн бүрдүүлсэн нь хууль зөрчсөн ил тод баримт юм.

3ab5e78b 5d5e 4c7d a89d 3b1004606b9e

5c46d4c6 a79a 403a 98f5 86cec7bcedbe

Б.Жавзан нь Б.Цолмонгийн нөхөртэй ОХУ-д хамт сурч байсан бөгөөд тухайн үед хуучнаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хамт ажиллаж байсан, гэр бүлийн найзууд юм байна. Энэхүү хувийн харилцаа нь албан тушаалын томилгоонд нөлөөлжээ.

Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн энэхүү илт хууль зөрчсөн, албан тушаал, ашиг сонирхолын зөрчил бүхий томилгоонд яаралтай арга хэмжээ авч, хууль зөрчсөн этгээдүүдэд хариуцлага тооцож чадахгүй бол өөрөө хариуцлага хүлээнэ үү.

Эх сурвалж: "Эрэнньюс.мн"

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.