Бодлогын хүүг нэмж 12 хувьд хүргэжээ
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит хурлаараа бодлогын хүүг 2 нэгж хувиар өсгөн 12 хувьд хүргэх шийдвэр гаргажээ.
Сүүлийн саруудад инфляц эрчимжин 9.6 хувьд хүрч Төв банкны зорилтот түвшнээс давсан тул бодлогын хүүг өсгөхөд хүргэжээ. Цахилгааны үнийн өсөлт, түүний дам нөлөө болон эдийн засгийн идэвхжил, цалингийн өсөлтийг дагасан үйлчилгээ, түрээс, импортын барааны үнийн өсөлт хүлээлтээс өндөр байна. Иймд Монголбанк мөнгөний бодлогоо өөрчилж, эргэн чангаруулж 12 хувьд хүргэх шийдвэр гаргаж байна.
Эдийн засгийн өсөлт 2024 онд 4.9 хувьтай гарахад дотоод эрэлтийн идэвхжилтэй холбоотой худалдаа, үйлчилгээний салбар, түүнийг дагасан бүтээгдэхүүний цэвэр татварын өсөлт голлон нөлөөлжээ. Энэ онд хөдөө аж ахуйн салбар сэргэх, зэсийн баяжмалын олборлолт нэмэгдэж уул уурхайн салбар эрчимжих, төсвийн төлөв суларч, шинэ төслүүдийн бүтээн байгуулалтууд эхлэх зэрэг нь эдийн засгийн өсөлтийг тэтгэх хүлээлттэй байна. Гадаад орчны хувьд геополитикийн нөхцөл байдал, АНУ-ын худалдаа, татварын бодлоготой холбоотойгоор тодорхой бус байдал нэмэгдэж, гадаад эрэлт саарах, гадаад суурь хүү харьцангуй алгуур буурах хүлээлттэй боллоо. Түүнчлэн гангийн эрэлтийн талаарх хүлээлтээс шалтгаалан манай экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрс, төмрийн хүдрийн үнэ буурч болзошгүй байна.
Мөнгөний бодлогын хорооны хурлаар мөн банкнаас иргэдэд шинээр олгох болон нөхцөлийг нь өөрчлөх хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 50 хувьд шинэчлэн тогтоохоор шийдвэрлэжээ. Тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд зээлийн сарын төлбөрөө төлсний дараах зээлдэгчийн үлдэх орлого нь хүн амын амьжиргааны доод түвшнээс доошгүй байхаар тогтоожээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.