“Гэр бүл шийдэл хамгаалал”үндэсний хэлэлцүүлэгт Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан үг хэллээ. Тэрбээр "Гэр бүлийн бодлого нь монгол төрийн хамгийн үнэт суурь болсон бодлого байх ёстой. Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийг дэмжих тухай хууль нь амьдралд хэрэгжихүйц, монгол гэр бүлд зохицсон байхаар бэлтгэж байна. Удахгүй УИХ-д өргөн мэдүүлнэ" гэв.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан:
-Өнөөдрийн “Гэр бүл шийдэл хамгаалал” үндэсний хэлэлцүүлэг нь цаг үеэ олсон арга хэмжээ болж байна. Монгол Улсын Засгийн газраас хоёр чухал хуулийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Тодруулбал, Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийг дэмжих тухай хууль. Та бүхний өнөөдрийн хэлэлцэж байгаа бүхий л асуудлууд Гэр бүлийн тухай хуульд тусгагдах ёстой гэх хүлээлттэй байна. Гэр бүлийн бодлого нь монгол төрийн хамгийн үнэт суурь болсон бодлого байх ёстой.
Сүүлийн жилүүдэд нийгэмд үүсээд байгаа асуудлууд гэр бүлд суурилсан байгаа. 4-5 үндсэн суурь асуудал байна гэдэг судалгааны дүн байна. Төрөөс хэрэгжүүлсэн нийгмийн хамгаалал, халамж, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, эрүүл мэндийн бодлого гэр бүлд суурилж чадаагүй, салангид байсантай холбоотой юм билээ. Гэр бүлд тулгамдаж байгаа асуудал нь эдийн засагтай холбоотой асуудал. Эдийн засгийн өсөлт нь хүний хөгжлөө дэмжсэн хөгжил байж гэмээн улсын хөгжил байна. Иймд 2028 он гэхэд 1 хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэе гэж байгаа. Энэ зүгээр нэг лоозон төдий үг биш юм. ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэнэ гэдгийг энгийнээр хэлбэл нэг иргэний цалин хамгийн багадаа 1000 ам.доллар болно гэсэн үг. Энэ нь Монгол хүний хөгжилд хийж байгаа том хөшүүрэг гэж харж байна.
Засгийн газраас хүний хөгжлийн индексийг арван байраар урагшлуулна гэдэг зорилго тавьсан. Хүний хөгжлийн индекс гурван зүйлээр хэмжигддэг. Тодруулбал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж, боловсролын чанар, нэг хүнд ногдох ДНБ буюу хүн амын орлогын асуудал байдаг. Эдгээрийг асуудлуудад ахиц дэвшил гаргаснаар нийгэмд тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж харж байгаа. Энэ хүрээнд Үндэсний баялагийн сан, Хуримтлалын санг бий болгож, хүний хөгжлөө дэмжсэн бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр парламент 126 гишүүнтэй болсон. Үүний 32 гишүүнийг эмэгтэйчүүд маань эзэлж байна. Энэ нь Ази тивдээ өндөрт тооцогдож байна. Хууль эрхзүйн шинэчлэл хийхэд ихээхэн чухал үүрэгтэй оролцоно гэж харж байна. Монголын нийгэмд тулгамдсан асуудал гэр бүл, түүнийг тойрсон нийгмийн хамгааллын бодлогуудыг шинэчлэх, халамжийн тогтолцоог шинэчлэхэд том хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна. Энэ парламент, Засгийн газрын үед эрхзүйн шинэчлэлийг хийж чадна гэж итгэж байна. Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийг дэмжих тухай хууль нь амьдралд хэрэгжихүйц, монгол гэр бүлд зохицсон байхаар бэлтгэж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Томилогдсон салбар бүрийн гажуудал, асуудлыг шийдэж чаддагт Баяр хүргэе