Их эзэн Чингис хааны алтан хөшөөний нээлтийн ёслол болж, хүндэтгэл үзүүллээ

XVII жарны “Элдэв Эрдэнэт” хэмээх могой жилийн  хаврын тэргүүн сарын шинийн хоёрны билэгт энэ өдөр (2025.03.01) Мянганы суут хүмүүн, Их эзэн Чингис хааны алтан хөшөө, шүтээн их цагаан тугийг хүндэтгэн залах ёслол болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд болон төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд оролцлоо.

jpg

cfd746f52e2b4e7eb1eca5c1594e325e

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, “Чингис хаан” үндэсний музей, Монголбанк хамтран Их эзэн Чингис хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх зорилгоор "Их хааны өргөө"-нд ийнхүү Их эзэн Чингис хааны алтан хөшөөг бүтээжээ.

4b29bade1a1c4d0cabe3e90d94cc987f

Их эзэн Чингис хааны алтан хөшөөг залах хүндэтгэлийн ёслолыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж үг хэлэв.

Их эзэн Чингис хааны алтан биеийг шүтээн их цагаан туг, төрийн хасбуу тамгын хамт "Их хааны өргөө"-нд ийнхүү хүндэтгэн залах ёслол төгөлдөр, түүхэн үйл явдал тохиож байгааг тэрбээр тэмдэглээд “Их эзэн Чингис хаан Монголын түүхэнд төдийгүй дэлхий, ертөнцийн түүхэнд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн үндэс суурийг босгоход онцгой гавьяа байгуулсан. Монголчууд бид хүн төрөлхтний суут хүмүүн, Их хааны удам, Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаагаа гүнээ ухамсарлан цагаан сараар, хаврын тэргүүн билэгт сайн өдөр Их хаандаа сүслэн мөргөж, хүндэтгэл үзүүлдэг байх учиртай. Өлзий билэгт өнөөдрийн сайн өдөр монголчууд бид Хүннү гүрнээс XX зууны эхэн үе хүртэлх монгол түмний төрт ёс, түүх соёлын бүрэн түүхийг багтаасан их өргөөний хойморт Их эзэн Чингис хааны орд өргөөг билэгдсэн “Их хааны өргөө”-г байгуулан, бахархан хүндлэх алтан хөшөөг, их амгаланг билэгдсэн шүтээн их цагаан туг, төрийн хасбуу тамгын хамт бүтээн залж байна” хэмээлээ. “Их хааны өргөө”-г бүтээх үйл хэргийг амжилттай зохион байгуулсан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголбанк, “Чингис хаан” үндэсний түүхийн музейн хамт олон, нийт уран бүтээлчид, Бүгд Найрамдах Итали Улсын ард түмэн, тус улсын “АртУ Ди Гаетано Салмиста” хүрлийн үйлдвэрийн хамт олон, энэхүү агуу үйл хэргийг бүтээсэн, дэмжин оролцсон бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлж, амжилт бүтээлийн дээдийг ерөөлөө. 

45421bb9c2ef4844bd3bca97d0fec14c

4f11bfcd28b1436db3c603d084a80f2a

34eaa248166a4632ac8e89bf04b13699

“Чингис хаан” үндэсний музейн “Их хааны өргөө”-нд залсан 700 см х 630 см х 750 см хэмжээтэй Их эзэн Чингис хааны алтан хөшөөг Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч Л.Болд бүтээжээ. Монгол урчуудын уран сэтгэмж, ухааны тусгал болсон дүрслэхүйн уламжлалт тэгш хэмт тиг бүхий загвар хийцээр, Их эзэн Чингис хааныг Их Монгол Улсаа байгуулах үеийн буюу 1189 оны идэр залуу насны эрэмгий дүртэйгээр, цаашид агуу их үйлсээ бүтээх итгэл төгс, цэх суусан зохиомжтойгоор бүтээж, эх орноосоо олборлосон алтаар бүржээ. Их эзэн Чингис хааны алтан хөшөө нь Их Монгол Улсын алтан тамга, хаан сэнтий, алтан чимэглэл бүхий гантиг чулуун суурийн хэсгээс бүрдсэн бөгөөд алт, хүрэл, гантиг чулуун материалаар бүтээсэн байна. Хаан сэнтийд монголчуудын шүтээн Бурхан Халдун уулын оройг угалзлан дүрсэлсэн бол эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийг бэлгэдсэн гурван давхар цагаан гантиг суурин дээр ялан дийлэгчийн бэлгэдэл барсын арьс, төрт ёс бат оршихын бэлгэдэл хүндэтгэлийн их цагаан эсгий дэвссэн дүрслэлтэй аж. 

 309e9adc23bd454a81ab5b831b1319e5

Нээлтийн ёслолын үеэр “Чингис хаан” үндэсний музейд байрлах “Их хааны өргөө” дэх Их Эзэн Чингис хааны алтан хөшөө, шүтээн их цагаан тугийг Монгол Улсын төрийн тахилгат 13 уулын хөрс шорооны дээж, алт эрдэнэсээр билэгдэн бүтээж, бишрэл хүндэтгэлийн ёслолын дагуу шүншиглэн амилуулсныг тус музейн захирал, шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, доктор, профессор С.Чулуун танилцуулж байв.  

cad7faeca953467a8cd014ad870d5b5f

Мянганы суут хүмүүн, Их эзэн Чингис хааны хүндэтгэл оршоосон алтан хөшөө, шүтээн их цагаан тугийг хүндэтгэн залах ёслол ийнхүү ёслол төгөлдөр болж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар хүндэтгэл үзүүлэв.

d79e361edcc34a4182880df3e1e81842

Ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож буй Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, төр, шашин, нийгмийн нэрт зүтгэлтнүүд “Их хааны өргөө” дэх Их Эзэн Чингис хааны алтан хөшөө, шүтээн их цагаан туганд хүндэтгэл үзүүллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.