Ш.Гүрбазар: Би эрүүл энх явахын их цулбуураас атгаад очно оо эх орон, элгэн түмэндээ

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ш.Гүрбазар элэгний хорт хавдраар оношлогдож, Герман Улсад эмчлүүлж байна. Түүний эмчилгээний зардалд дэм болох зорилготой "Би Монголоороо гоёдог" тоглолтыг өнгөрсөн бямба гарагт зохион байгуулсан юм. Тэгвэл МУСГЗ Ш.Гүрбазар түмэн олондоо хандаж, сэтгэгдлээ илэрхийлжээ.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ш.Гүрбазар:

-Надад нас бэлэглэлээ. Миний Монголын ард түмэн, уран бүтээлчид минь намайг үнэхээр догдлууллаа. "Өөрөөсөө өөрийгөө олох шиг.

Өөдрөг байхын дээд урмаар адислуулах шиг, нэг л их үнэмшил намайг тэнгэр татаад босгох шиг зөн совингоор би омогшиж байна.. Хүндэтгэлийн тоглолтыг санаачилсан, зохион байгуулсан болон тоглолтод оролцсон бүх уран бүтээлчдэдээ чин сэтгэлээсээ баярлалаа.

Энэ хугацаанд надад чин сэтгэлийн зөвлөгөө, ерөөл дэмбэрэл, сэтгэлийн хандиваа илгээж байсан олон түмэндээ ч талархъя.

Тавин жил Монголын их урлаг, утга зохиолд зүтгэсэн минь, монголын ард түмний минь их хайр хүндэтгэл, миний хадгалсан буян, хураасан их өв минь байж дээ гэж бэлгэшээж сууна.

Харин тосож байгаа он жилүүдийн аман хишгээ, миний ард түмэн надад бэлэглэсэн нас гэж сүслэн залбирах болно оо.

Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй" гэжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.