Б.Уянга: Ерөнхий сайдыг огцруулахыг би дэмжихгүй, ажлыг нь хийлгэх ёстой

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах санаачилга гаргаж, УИХ-ын даргад өргөн барихаар гарын үсэг цуглуулж эхлээд байна. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа дэмжиж гарын үсэг зурсан. 

Тэгвэл УИХ-ын гишүүд энэ санаачилгыг эсэргүүцэж буй аж. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Уянга дараах байр суурийг илэрхийлжээ.

УИХ-ын гишүүн Б.Уянга: 

Манай улсад аливаа том төсөл хөдлөхөд гадны хөрөнгө оруулалт нэн чухал. Хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн их хардаг зүйл нь “Улс төрийн тогтвортой байдал”. Монгол Улсын Засгийн газрыг богино хугацагаанд олон том ажлууд амжуулсан гэж би хардаг.
Сүүлийн хоёр гурван сард л гэхэд:
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ болох Монгол Хятадын Засгийн Газар хооронд тусгайлсан зээлийн хэлэлцээрийг байгуулснаар төслийг хэрэгжүүлэх үүд нээгдсэн. Барилгын ажил нь өнөө маргаашгүй эхлэхээр хүлээгдэж байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл хэрэгжиж эхэлснээр баруун бүс нутгийг эрчим хүчээр бүрэн хангахаас гадна төвийн эрчим хүчний системийг дэмжин ажиллах бололцоо бүрдэх юм.
Францын Орона групптэй Зөөвч-овоо, Дулаан-уул ордыг ашиглах маш том гэрээг амжилттай хийж чадсан. Ач холбогдлыг нь Монголчууд бид бүгд сайн ойлгож байгаа. Оюутолгойгоос хойш хийгдээгүй, барууны гуравдагч хөрштэй хийсэн гээд улс төрийн ач холбогдол ч их.
Чингис үндэсний хуримтлалын сан ажиллаж эхэллээ. Уул уурхайн том төслүүд улс орны эдийн засагт олон хэлбэрээр үр өгөөжөө өгдөг. Баялгийн сан бол шууд хувь хүнд өгөөж нь хүрдгээр онцлог байдаг.
Гашуун сухайт-Ганц модны боомтын төмөр замын хил холболтын гэрээг энэ оны хоёрдугаар сарын 14-нд эцэслэх гэж байна. Энэ олон жил яригдаж гацаж өнөөдөр л нэг шийдлээ олж байна. Сайн муугаар хэлэгдэж байгаа ч энэ бол манай улс оронд маш чухал гэрээ. Өнөөдөр бид экпортын орлогын 94 хувийг уул уурхайн бүтээгдэхүүнээр олж байна.
Бүтэн жил ч болоогүй байгаа Засгийн газар өнгөрсөн хугацаанд ямар олон ажлыг хийж чадав. Цаашид энэ эрчээр нь хүлээлт үүсгэж буй том төслүүдээ, хүлээгдэж буй шийдлүүд дээрээ ажиллуулмаар байна. Өнгөрсөн хугацаанд бид хангалттай улс төржсөн шүү дээ. Одоо жаахан ажил хийцгээе гэжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.