УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хэд хэдэн шалтгааны улмаас огцрох ёстой гэж үзжээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах албан бичиг боловсруулсан талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өнөөдөр мэдээлэл хийв.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:
-Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд хандан гаргаж байна. Миний бие болон бусад гишүүдийн хамт дараах үндэслэлээр:
- Хүний эрх, эрх чөлөө алдагдсан,
- Өвлийн морин уралдааныг хориглосон Дээд шүүхийн шийдвэрийг үгүйсгэсэн,
- Амь насаа алдсан иргэдийн нэр төрийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг бусдын нэр төрд халдсан зэргээр хязгаарлах байдал даамжирсан,
- Шүүхээр тодорхой шийдвэр гаргуулах зорилгоор шүүхийн бие даасан байдалд удаа дараа халдаж, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг удаа дараа алдагдуулсан,
- Эдийн засгийн бодлого алдагдаж, чөлөөт зах зээлийг боомилж байна,
- Хэт үрэлгэн төсөв нь үнийн өсөлтийг гааруулж, ядуурлыг бууруулах боломжгүй болголоо,
- Татварын бодлого оновчгүй, улмаар татвар төлдөггүй хэсэг хождог тогтолцоо бий болсон.
Гэнэт нэг айл сүйдсэн учраас би гарч ирээд огцор гэж байгаа юм биш. Миний хувьд 2022 оноос хойш ерөнхий сайдыг шүүмжилж ирсэн. Монголын төрд хүнийх нь амь үнэтэй биш юм бол өөр юу үнэтэй вэ? Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэнээ алдсан мэдээллийг хаах гэж оролдохын оронд ядаж эмгэнэл илэрхийлэх ёстой байсан.
Миний хувьд сэтгүүлчээр ажиллаж байхдаа Л.Оюун-Эрдэнийн дарамтад өртөж байсан. Гэр бүлийн гишүүд нь яаж дарамталж байснаа сайн мэдэж байгаа. Монголын төрд дарангуйлал тогтчихсон. Өнөөдөр утсаар ч ярьж, хүнтэй уулзаж чадахаа больсон. Юу ч хийж болохоо больсон. Бүгдийг нь барьж чадна гэж тооцож байгаа. Ядаж нэг ном бүтэн уншсан бол ийм боломж дэлхийд байхгүй гэдгийг ойлгоно.
Албан бичигт нэгдэхийг УИХ-ын 126 гишүүддээ уриалж байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.