Амь хохирогчдын 84 нь эрэгтэй, 85 нь эмэгтэй, 10 хүний хүйсийг тодорхойлох боломжгүй байна
Жежү Эйр компанийн онгоц Тайландын Бангкок хотоос Өмнөд Солонгосын Муан хотын онгоцны буудалд газардахдаа шороон далан мөргөж, дэлбэрсний улмаас 179 хүн амиа алдаад байна.
Тус улсын орон нутгийн гал түймрийн албаны мэдээлснээр онгоцонд нийт 175 зорчигч, нисэх багийн зургаан гишүүн байсан бөгөөд 181 хүний хоёр нь л амьд үлджээ. Багийн эмэгтэй, эрэгтэй хоёр гишүүнийг ослын газраас эсэн мэнд гаргаж авсан байна.
Амь хохирогчдын 84 нь эрэгтэй, 85 нь эмэгтэй, 10 хүний хүйс нь тодорхойгүй байгаа аж. Онгоцонд сууж явсан хүмүүсийн дунд Тайландын хоёр иргэн байсан ба бусад зорчигч бүгд Өмнөд Солонгосын иргэд байжээ.
CNN агентлагт мэдээлснээр онгоцны хөөрөх, буухад ашигладаг дугуй нь онгоц газардахаас өмнө бүрэн нээгдээгүй. Мөн газардах үед сүрэг шувуутай мөргөлдсөний улмаас осол гарсан байж болзошгүй гэжээ.
Хяналтын цамхгаас нисгэгчдэд шувууны дайралтаас зайлсхийхийн тулд чиглэлээ өөрчилж, эсрэг чиглэлд буух заавар өгчээ. Ингээд нисгэгч зааварчилгааг дагасан байна. Улмаар нисгэгч нэг минутын дараа цамхаг руу яаралтай дуудлага хийсэн ч дуудлага ирснээс хойш хоёр минутын дараа газардах оролдлого болж осол гарчээ. Эрх баригчид шалгалтаа үргэлжлүүлж байна.
Жежү Эйр компанийн гүйцэтгэх захирал ослын өмнө онгоцонд “асуудал илрээгүй” гэж мэдэгджээ.
1997 онд Korean Airlines компанийн Боинг 747 онгоц Гуамын ширэнгэн ойд осолдож, 228 хүний амь нас хохирсноос хойш Өмнөд Солонгост тохиолдсон хамгийн олон хүний амь нас хохирсон агаарын тээврийн осол болоод байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.