Мэдээллийн мөрөөр арга хэмжээ авч, С.Батдөлийг анги руу нь буцаажээ
Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байсан С.Батдөл дархан цаазат Богдхан уулын Төр хурахын ам дахь ШШГЕГ-ын харьяа “Төр хур” амралт, сэргээн засах сувилалын утаагүй, цэвэр агаартай бүсэд галч, тогооч зэрэг ажил хийж ажиллан ялаа эдэлж байгаа талаар мэдээлсэн билээ.
Мэдээллийн мөрөөр холбогдох албаныхан шуурхай арга хэмжээ аван өнөөдөр ШШГЕГ-ын харьяа Амгалан дахь 421 дүгээр нээлттэй хорих анги руу буцаажээ.
Амгалан дахь 421 дүгээр нээлттэй хорих ангийн удирдлагаас С.Батдөлийг Богдхан уулын Төр хурахын ам дахь “Төр хур” амралт, сэргээн засах сувиллын газарт ажиллуулж ялыг нь эдлүүлэх санал НПГ-т удаа дараа хүргүүлж, эцэстээ зөвшөөрүүлэн тогооч, галчаар ял эдлүүлж байсан юм. Ингэхдээ хуулийн олон зүйл заалтыг зөрчсөн байдаг. Тухайлбал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198.2-т “Нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд анх удаа гэмт хэрэг үйлдэж хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн хоригдлыг, тусгай зэрэглэлд хоёр жил, түүнээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл хаалттай хорих ангиас болон нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлээс хуульд заасан журмын дагуу нээлттэй хорих ангид үргэлжлүүлэн ял эдлүүлэхээр шилжүүлсэн, урьд өмнө гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан хоригдлыг ял эдлүүлнэ” гэж заасан байдаг.
Мөн хуулийн 214.6-д “Нээлттэй хорих ангийн хоригдлыг хорих байгууллага өөрийн болон өөрийн хувь нийлүүлсэн, хамтарсан хуулийн этгээдэд, эсхүл бусад хуулийн этгээдтэй гэрээ байгуулан зохих хяналттайгаар хөдөлмөрлүүлж болно”, 217.1-т нь “Нээлттэй хорих ангид ял эдэлж байгаа хорих ялын 50-иас дээш хувийг эдэлсэн хоригдлыг харуул хамгаалалтгүй, 50-иас доош хувийг эдэлсэн хоригдлыг хорих ангийн өөрийн үйлдвэрлэл болон хорих ангиас гадуур прокурорын зөвшөөрлөөр гэрээний үндсэн дээр харуул хамгаалалттай хөдөлмөрлүүлж болно” хэмээсэн. С.Батдөлийн тухайд хуулийн эдгээр заалтыг хангахгүй байсан учраас “Төр хур”-д ажиллуулах хорих ангийн удирдлагын саналыг НПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийнхэн нэг бус удаа буцааж байж. Гэвч эцэстээ прокурорууд нь зөвшөөрснөөр өдгөө Төр хурахын ам дахь утаагүй, цэвэр агаартай бүсэд галч, тогооч зэрэг ажил хийж ял эдэлж байжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.