УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор өнөөдөр “Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.
Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хийлээ. Тус цахилгаан станц нь 56 жил үйл ажиллагаа явуулж байгаа аж. Хоёр үе шаттай өргөх, шинэчлэхээр төлөвлөж байгаагаа Эрчим хүчний сайд танилцууллаа.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:
-Эхний ээлжид 50 мВт-ын хүчин чадалтай дулааны станц барьж, дараагийн ээлжид ашиглалтын хугацаа дууссан 48 мВт-ын хүчин чадалтай станцын суурин дээр 250 мВт-ын дулааны цахилгаан станцыг шинээр барина. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, ОХУ-ын 2021 оны комиссын хуралдааны үеэр Оросын талаас "Интер РАО Экспорт" компанийг Дулааны III цахилгаан станцыг хоёр үе шаттай өргөтгөн шинэчлэх төсөлд оролцохоо дахин илэрхийлсэн. Дулааны III цахилгаан станц ТӨҮГ, "Интер РАО Экспорт" компанийн хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг эхлүүлжээ.
"Интер РАО Экспорт" компанийн зүгээс ТЭЗҮ-ийг боловсруулж, 2022 оны наймдугаар сард Дулааны III цахилгаан станцад хүлээлгэн өгсөн” гэлээ.
Дулааны III цахилгаан станцыг хоёр үе шаттай өргөтгөхөд нийт 1 тэрбум 486 сая евро шаардлагатай хэмээн онцоллоо.
УИХ-ын гишүүн М.Энхцэцэг “Төслийн ТЭЗҮ боловсруулах зураг төсөл хийх, хуваарилах байгууламжийн ажлууд тус тусдаа гэрээ байгуулагдах уу. Төсөлд тодорхой бус харагдаж байна” гэв.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:
-Эхний ээлжид Дулааны III цахилгаан станцын өөрийнх нь ТЭЗҮ-ийг боловсруулах Засгийн газрын хоорондын гэрээ байгуулж байгаа. Таны асууж байгаа зүйл зүй ёсоор ургаж гарна. Монгол, ОХУ-ын талаас ТЭЗҮ-ийг соёрхон баталсны дараа "Интер РАО Экспорт" компани хооронд гэрээ байгуулагдана. Зураг төсөл боловсруулаад хоёр жил болох байх. Тийм баримжаатай байгаа. Магадгүй 2027 онд дуусах байх. Зураг төслийг 20 орчим сая ам.долларт багтаан хийх урьдчилсан төлөвлөлттэй байгаа.
Зураг, төсөв хийгдсэний дараа эцсийн үнэ тодорхой болоод ОХУ, Монгол Улс хэлэлцээрийн хооронд дараагийн шатны хэлэлцээр хийж, барилга угсралтын гэрээ байгуулагдсаны дараа таны ярьж байгаа хуваарилах байгууламжууд дээр холбогдох өөрчлөлтүүд орж таарна. Тухайн үед нь өргөтгөх асуудлыг шийднэ. Энэ хэлэлцээрт хуваарилах байгуулжийн өргөтгөл ороогүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Асар өндөр үнэтэй өргөтгөл вэ! 250 мвт ын нүүсний станцыг 700-720 сая дол т багтааж барьж бно доо, дундуур цавчаа орсон юм бна!