УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж өнөөдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа.

Тэрбээр уулзалтын эхэнд БНХАУ байгуулагдсаны түүхт 75 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлээд, хоёр улсын хооронд төрийн өндөр дээд түвшний айлчлалын давтамж нэмэгдэж, найрамдалт харилцаа улам бүр бэхжиж буйд баяртай байгаагаа илэрхийллээ.

d06d73429daf4bbe97603628c82f7800

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, манай хоёр улсын Иж бүрэн түншлэлийн харилцааны чухал хэсэг нь хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа мөн хэмээгээд шинээр байгуулагдсан 126 гишүүнтэй парламент үүнд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэв. Түүнчлэн энэ сарын 9-нд УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагаар ахлуулан 46 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсныг дурдсан юм. Элчин сайд Шэнь Миньжуань, шинээр бүрдсэн парламентын намрын ээлжит чуулганы босгон дээр хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд, БНХАУ байгуулагдсаны түүхт ойтой зэрэгцэн Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой мөн тохиож буйг тодотголоо.

ce9f8c5910b54e868b6eeafeca134fd8

Тэрбээр хоёр орны харилцаа шинэ түүхэнд шилжсэн энэ үед бизнес, хөрөнгө оруулалтын эрх зүйн таатай орчныг бүрдүүлэн ажиллана гэдэгт итгэлтэй байна гэв. Уулзалтын үеэр талууд “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд мал аж ахуйн салбарт туршлага солилцох хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж буйг онцлоод, цаашид харилцан өгөөжтэй, ажил хэрэгч хамтын санаачилгуудыг олон талт хэлбэрээр өргөжүүлэхээр санал нэгдэв.

6a30657d97884c02ae586a6957dc8028

Уулзалтын төгсгөлд, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, төрийн албаны хүний нөөцийг чадавхжуулж, гадаад харилцааг төрөлжүүлэх зэргээр Тамгын газар хоорондын нягт хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарна гэдгээ онцолсон юм гэж УИХ-ын Хэвлэл, мэдээллийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.