И.Хэлиф хүйсээ солиулаагүй
"Парис 2024" олимпын наадам баяр, гуниг, дуулиан шуугиантай өрнөж байна.
Эмэгтэйчүүдийн боксын 66 кг жинд тулалдсан Алжирын Имане Хэлифийг тойрсон дуулиан цахим орчинд ид өрнөж байна. Учир юу гэвэл Алжирын Имане Хэлиф болон Италийн Ангела Карини нарын тулаан эхлээд ердөө 46 хормын дараа Италийн боксчин цаашид тулалдахаас татгалзлаа.
Италийн боксчин тулааны дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа: "Би амьдралдаа хэзээ ч ийм хүнд цохилтод өртөж байгаагүй." хэмээн мэдэгдсэн юм.
Имане Хэлиф гэж хэн бэ?
Түүний олон улсын тэмцээний карьер нь 2018 оны эмэгтэйчүүдийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байсан ба эхний тойрогт Казахстаны боксчинд ялагдаж байсан бол 2019 оны ДАШТ-д мөн эхний тойрогт ОХУ-ын боксчинд ялагдаж байсан түүхтэй. Токио 2020 олимпын наадамд эхний тулаандаа Тунисын боксчинг ялсан ч шөвгийн 8-ны тулаанд эмэгтэйчүүдийн -60кг жинд олимпын аварга болсон Ирландын Келли Харрингтонд ялагдаж байлаа. Түүний өнгөрсөн түүхийг өгүүлэх болсны учир юу гэвэл цахим орчимд түүнийг "хүйсээ солиулан эмэгтэй боксын өрсөлдөөнд орж ирсэн эрэгтэй" гэх олонхын буруу ойлголтыг засахыг зорьсон хэрэг.
Олон улсын олимпын хорооноос Имане Хэлифийг олимпын наадамд өрсөлдөх эрхийг өгөхөөсөө өмнө эмнэлгийн болон бусад олон шалгуураар оруулан ямар ч маргаангүй эмэгтэй хүн болохыг баталж улмаар олимпод өрсөлдөх эрхийг нь өгсөн байна. Товчхондоо бол Имане Хэлиф бол олны шүүмжлээд буй шиг хүйсээ солиулаагүй, трансжендер биш юм. Харин тэрээр төрөлхийн генийн эмгэгтэй нэгэн аж. Алжир улсад хүйсээ солиулах нь хууль бусд тооцогддог байна.
Маргааны гол үндэслэл нь: Өнгөрсөн онд IBA холбооноос зохион байгуулсан эмэгтэйчүүдийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медалийн төлөөх тулааны өмнө Имане Хэлифийг эрүүл мэндийг шалтгаанаар хассан байдаг. Учир нь түүнээс авсан шинжилгээний хариугаар тестостерон дааврын хэмжээ нь хэвийн хэмжээнээс их тогтоогдсон юм. Тухайн үед олон улсын олимпын хорооноос сонирхогчдын боксын IBA холбооны шийдвэрийг буруушаан "Дүрмийн бус гэнэтийн дур зоргоороо шийдвэр гаргалаа" хэмээн буруутгаж байлаа.
Парисын олимпод Имане Хэлифээс гадна өмнө нь биохимийн шинжилгээний сөрөг үзүүлэлтээсээ болж ДАШТ-ий медалиудаа хураалгаж байсан Тайванийн Ли Юу Тинг мөн олны шүүмжлэлийн төвд байна.
Имане Хэлиф шөвгийн наймд Унгарын боксчинтой тулах ба олон улсын олимпын хорооноос түүнийг тулалдуулах шийдвэртээ бат зогссон хэвээр байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.