"Хэнэггүй" төрхөөрөө олны анхаарлыг татсан Ю.Дикеч гэж хэн бэ?
Парисын олимпын наадмын 10 метрийн хийн гар бууны холимог багийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Туркийн тамирчин Юсуф Дикечийн гэрэл зураг олон нийтийн сүлжээнд шуугиан тариад байна.
Түүний уламжлалт бус имиж нь цахим ертөнцөд шуугиан тариад байгаа ба буудлагын тамирчин бүрийн хэрэглэдэг нүдний хамгаалалт, чихэвч, тусгай хэрэгсэлгүйгээр нэг халаасандаа гараа хийн буудаж буй "хэнэггүй" төрх олны анхаарлыг татлаа.
51 насны Туркийн тамирчин Юсүф Дикеч нь тав дахь олимподоо оролцож байгаа ба 25 метрийн гар бууны төрөлд дэлхийн аваргаас алт, 10 метрийн хийн гар бууны ганцаарчилсан болон холимог хосын төрөлд хос мөнгөн медаль хүртэж байсан тамирчин юм. Мөн түүнчлэн түүнд Европын аваргын таван алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль буюу нийт 10 медаль бий.
Тэрээр Туркийн тусгай албанаас тэтгэвэртээ гарсан комиссар юм. 2001 оноос Ю.Дикеч цэргийн болоод Туркийн үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд харьяалагдан спортын буудлагаар хичээллэж эхэлсэн байна. Түүний олон улсад үзүүлж байсан оргил амжилтуудаас дурдвал: 2006 онд Норвегийн Ренад зохион байгуулагдсан цэргийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гар бууны /25 метр/ дасгалд 597 оноо авч дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож байсан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.