М.Энхжаргал олимпын медалийн төлөө тулалдана
"Парис 2024" олимпын наадмын боксын төрөл тун өрсөлдөөнтэй явагдаж байна.
"Лондон-2012" олимпын наадмаас эхлэн эмэгтэй боксын төрөл олимпын албан ёсны төрөл болон орж ирсэн ба "Токио-2020" олимпын наадамд М.Мягмаржаргал манай улсаас олимпын наадамд оролцсон анхны эмэгтэй боксчин болсон юм.
Тэгвэл энэ удаагийн олимпод манай улсаас -50кг жинд О.Есүгэн, -54кг жинд М.Энхжаргал нар эрхээ аван тулалдаж байна.
Ханжоу азийн наадмаас хүрэл медаль хүртэн улмаар олимпын наадамд өрсөлдөх эрхээ авсан О.Есүгэний хувьд эхний тулаанаа "Рио-2016" олимпын наадмын хүрэл, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Колумбын Ингрит Валенсиатай тулалдсан билээ. Колумбын тамирчин тулааны турш туршлага заан илүүрхэж ялалт байгуулснаар О.Есүгэн энэ удаагийн олимпын наадмаа өндөрлүүллээ.
-54кг жинд тулалдаж буй М.Энхжаргалын хувьд эхний учраа болох дэлхийн аваргын мөнгөн медальт Италийн боксчин Сирин Чараабитаг шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр ялж монголын эмэгтэй боксчдын олимпын наадмын анхны ялалтыг авсан юм.
Дэлхийн цомын аварга, U22 насны Ази тивийн аварга, дэлхийн аваргын хүрэл медальт ОУХМ М.Энхжаргал шөвгийн 16-д 2022 оны ДАШТ-ний мөнгө, энэ оны европын аваргын мөнгөн медальт Румыны Ленута Лекрамиоараг буулган авч олимпын медалийн төлөө тулалдах эрхтэй боллоо.
ОУХМ М.Энжаргал олимпын хүрэл медалийн төлөө 2022 оны дэлхийн аварга, Туркийн Акбас Хатистэй 8 сарын 1-ны 23:00 цагт /Улаанбаатарын цагаар/ тулалдана.
М.Энхжаргалдаа амжилтын дээдийг хүсэн ерөөе.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.