Э.Бадар-Ууган: Буудлагын тамирчдын олимпод оролцох эрхийг Олимпын хороо нэмж, хасаагүй
Монголын Үндэсний Олимпын Хорооноос "Парис 2024" олимпод оролцох буудлагын баг тамирчдад үүсээд буй нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Буудлагын тамирчин О.Есүгэн, Н.Баяраа нар Парисын олимпод оролцох бөгөөд зөвхөн 50 метрийн урт бууны төрөлд оролцохоор болж, 10 метрийн хийн урт буу, хийн бууны холимог багийн төрлүүдэд оролцох боломжгүй болсон байна.
МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Жаргалсайхан нар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл шуурхай хуралдаад тодорхой эрх бүхий хүмүүсээс тайлбар авчээ.
Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган:
-Олон Улсын Олимпын Хороо /ОУОХ/-ноос Монголын Буудлагын Холбоо /МБХ/ болон манайд албан бичиг ирүүлсэн. Зургаадугаар сарын 21-ний дотор нэр, зайгаа баталгаажуул гэсэн. Иймд МБХ-ноос эрх авсан гурван тамирчныхаа нэр болон оролцох дасгалыг баталгаажуулсан юм.
Оролцох тамирчдын нэрсийг энэ сарын 8-нд эцсийн байдлаар зарласан. Өнгөрсөн сарын 21-нээс энэ сарын 8-ныг хүртэлх хугацаанд тамирчдаа нэмж эрх авах талаар МБХ-ны зүгээс хүсэлт ирүүлээгүй. Хугацаа нь дууссаны дараа “Нэмж эрх авах боломжтой юм байна. Хөөцөлдөж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлсэн.
Бид хүсэлтийнх нь дагуу ОУОХ-нд албан бичиг явуулсан ч хүлээж авах боломжгүй гэдэг хариу ирсэн.
Ер нь оролцох төрлүүдийн мэдүүлгийг тухайн спортын холбоод бөглөж ирүүлдэг. Түүнийг нь үндэслээд МҮОХ баталгаажуулаад ОУОХ-нд явуулдаг. Түүнээс бид өөрсдийн дураар эрх нэмэх, хасах боломжгүй. Ийм асуудал байгаа гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.