СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-05-02

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эм, эмнэлгийн хэрэгслийн хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 долоо хоногийн өмнө

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлжээ. 

Уг хуулийн төслийг Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлж яаралтай горимоор хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм. Хуульд орсон зарчмын томоохон өөрчлөлтүүдийн талаар С.Чинзориг сайд дараах мэдээллийг өглөө.

Юуны өмнө хүний болон малын эмийг нэг хуулиар зохицуулж байсныг салгаж хүний эм болон эмнэлгийн хэрэгслийг тусад нь бие даасан хуулиар зохицуулахаар болж зарчмын томоохон өөрчлөлтүүдийг оруулсан. Үүнд,

-Эмийн чанар, аюулгүй байдал, эмийн үнийг бууруулах зохицуулалтыг нэлээн тодорхой тусгасан. Тухайлбал,

Эмийн чанарыг хянах зорилгоор биоэквалент буюу эмчилгээний идэвхийг төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон эмийн чанарын лабораторид хийх эрх зүйн орчинг бүрдүүллээ.

Эмийн үйлдвэрүүд чанарын хяналтын итгэмжлэгдсэн лабораторитой байна.

Эмийн чанарыг сайжруулж, үнийг бууруулах зорилгоор төрөөс зохицуулалт хийх аргуудыг хуульчиллаа. Тодруулбал, бүх түвшинд эмийн үнийн ил тод нээлттэй байдлыг хангах, олон улсын чанарын шаардлага хангасан эм, эмнэлгийн хэрэгслийг олон улсын байгууллага болон гадаад орноос худалдан авах, үнийн хэлцэл хийх, үнийн дээд хязгаар, нэмэгдэх хувь хэмжээг тогтоох зэрэг зохицуулалтыг хуулийн төсөлд оруулсан.   

Эмийн үнийг цахимаар хянах салбар дундын мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдох асуудлыг ч тусгалаа.  

Уламжлалт эм, түүний түүхий эдтэй холбогдуулан үндэсний үйлдвэрийн уламжлалт эмийг эх сурвалжид үндэслэн бүртгэдэг байхаар, түүхий эдийг уламжлалт эмийн хамт цахим мэдээллийн нэгдсэн санд бүртгэн хянадаг байна.   

Эм, эмнэлгийн хэрэгслийн зар сурталчилгааны асуудлыг тодорхой зүйл, заалтаар өргөжүүлэн ялангуяа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэдийг төөрөгдүүлсэн, үйлчилгээг нь хэт дөвийлгөсөн байдлаар эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг сурталчлахыг хориглоно. Үүнтэй зэрэгцүүлэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд  үйлчлүүлэгчдэд эм, эмнэлгийн хэрэгсэл  сурталчлахыг хязгаарлана.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ашиглаж байгаа эмнэлгийн багаж тоног төхөөрөмжтэй холбоотой зохицуулалтыг хуульд илүү дэлгэрэнгүй тусгасан. Эмнэлгийн багаж тоног төхөөрөмж, хэрэгслийг эрсдэлийн зэргээр ангилж, холбогдох зохицуулалтыг ялгаатай байхаар оруулсан. Жишээ нь, КТГ, MRI, ПЭТСТ зэрэг өндөр эрсдэлтэй багаж тоног төхөөрөмжийг импортоор нийлүүлэхэд дагалдах хэрэгслийг хамтад нь оруулж ирдэг байх, шалгалт тохируулгын үнэлгээнд байнга хамруулж, үйлчилгээний аюулгүй байдлыг бүрэн хангах, хадгалалтын хугацаа түүнээс хамаарч материал хэрэгсэл чанарын шаардлага хангахгүй болсон эсэхэд тавих  хяналтыг сайжруулах зэрэг зохицуулалт орсон.  

Эм ханган нийлүүлэх байгууллагад тавигдах шаардлагыг илүү өргөжүүлж олон улсын жишгийн дагуу дан ганц үйлдвэрлэлийн зохистой дадал бус хадгалалт, түгээлтийн зохистой дадал болон бусад шаардлагыг дэлгэрэнгүй хуульчиллаа.

Эмийн зохистой хэрэглээний чиглэлээр оролцогч талууд буюу эмч, эрүүл мэндийн байгууллага, иргэний эрх үүргийг тодорхой тусгасан.  Тухайлбал,

-Эмч иргэнд эмийн тун хэмжээ, хэрэглэх арга, эмчилгээний нийт үргэлжлэх хугацаа, гарч болзошгүй гаж нөлөө, харилцан үйлчлэлийн талаар  заавал тайлбарлаж өгдөг байх, эмийн гаж нөлөөг тухай бүр мэдээлэх;

-Эрүүл мэндийн байгууллага эмийн хэрэглээ чанарт байнга хяналт тавих, эмийн чанарт тогтмол тандалт судалгаа хийх, тусламж үйлчилгээнд хэрэглэж байгаа эмийн гаж нөлөөг байнга хянан мэдээлэх; 

-Эмийн сангийн жор баригч эм олгохдоо хэрэглэх арга, хадгалалт, эмийн зохистой хэрэглээний талаар үйлчлүүлэгчид мэдээлэл өгдөг байх, эмийг иргэнд дахин савлаж олгохдоо шошго дээр эмийн нэр, тун хэмжээ, хэрэглэх аргыг заавал бичсэн байх зэргээр нарийвчлан оруулсан.

Түүнчлэн улсын хэмжээнд эмийн зохицуулалтын чиглэлээр ажиллаж байгаа зөвлөл, комиссын эрх, үүргийг илүү тодорхой болгон эмийн зохицуулалтад оролцогч талуудын үүрэг оролцоог тодорхой хуульчилсан. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.