СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-04-28

2024 оны УИХ-ын сонгуульд 26 нам, хоёр эвсэл өрсөлдөх хүсэлтээ албан ёсоор илэрхийллээ

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 долоо хоногийн өмнө

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслүүдийн Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтийг 2024 оны 4 дүгээр сарын 26, 27, 28-ны өдөр хүлээн авч байна.

ХҮН нам /ХҮН/, Монголын Либерал нам /МЛН/, Монголын Либерал Ардчилсан нам /МоЛАН/, Иргэний хөдөлгөөний нам /ИХН/, Ардчилал шинэчлэлийн нам,  Гэр хороолол хөгжлийн нам /ГХХН/-ын удирдлагууд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ 2024 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээлгэн өгөв.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт  зааснаар Сонгуулийн ерөнхий хороо баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах аж.

2024 оны дөрөвдүгээр сарын 26, 27-ны өдрийн байдлаар Сонгуулийн ерөнхий хороонд 12 нам, 1 эвсэл Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлт, баримт бичгээ өгсөн байна.

Харин материал хүлээн авах сүүлийн өдөр буюу өнөөдөр МАН, АН тэргүүтэй 16 нам, дахин нэг эвсэл албан ёсоор 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий хороонд хүлээлгэн өглөө.

Монгол Ардын Нам ирэх дөрвөн жилд хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхдээ хүний эрхийг дээдлэн, иргэн хүндээ ээлтэй, хувь хүн бүрт сонголтыг бий болгох замаар сурах, хөдөлмөрлөх, ая тухтай амьдрах боломжийг баталгаажуулан, хот хөдөөгийн ялгаатай байдлыг бууруулан, амьдралын чанарыг бодитой дээшлүүлж, иргэдийн оролцоотой хяналтаар төрийн ил тод байдлыг сайжруулах, авлигагүй, шударга, эрх зүйт төрийг бэхжүүлэн, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрхэмлэсэн эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэх “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО-БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН РЕФОРМ” мөрийн хөтөлбөрийг боловсруулж, 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн төв байгууллагад хүргүүллээ.

Үүний дараа Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, Тэргүүн дэд дарга С.Баярцогт, ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр нар болон намын бусад удирдлагууд УИХ-ын ээлжит 2024 оны сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өглөө. 

Төлөөллийн төв байгууллага болох Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны хурлаараа хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Ардчилсан нам энэ удаагийн ээлжит сонгуульд оролцох хүсэлт, холбогдох баримт бичгийг ЕНБД Э.Одбаяр Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаранд албан ёсоор гардуулан өглөө хэмээн мэдэгдэв.

Ардчилсан нам 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдээ сонгон шалгаруулах журам баталсан. Уг журамд инженер, багш, эмч, хуульч, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нийтийн эрх ашгийн төлөө зүтгэсэн залуучуудаа нэр дэвшүүлнэ хэмээн тусгасан юм.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, гишүүн Д.Баяндүүрэн нар Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахдаа нам, эвсэл, нэр дэвшигчидтэй хуулийн хүрээнд ил тод, нээлттэй хамтран ажиллахаа илэрхийлээд амжилт хүсэв.

Үүний дараа ШИНЭ нам МУНН-ын ШИНЭ НЭГДСЭН ЭВСЭЛ 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд гардуулж өглөө. 

Энэ үеэр СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран “Сонгууль болоход хоёр сар хүрэх үү, үгүй юу хугацаа үлдлээ. Бид хуулийн дагуу шударга, хүнд сурталгүй ажиллана гэдгээ юуны өмнө дуулгая. Та бүхний сонгуулийн ажилд амжилт хүсэж байна” гэлээ.

Харин Зүй ёс нам Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохгүй тухайгаа мэдэгджээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.