СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-04-28

УИХ-ын сонгуулийн VI тойрог: ДОЛООН МАНДАТЫН ЭЗЭД ХЭН БОЛОХ ВЭ

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 долоо хоногийн өмнө

 

УИХ-ын сонгуулийн VI тойрогт МАН болон АН-аас өрсөлдөх, горилогчдын нэрс эхнээсээ ил болж буй. МАН-аас урдаа барьдаг томчууд өрсөлдөхөөр хүсэлтээ илэрхийлсэн бол АН-аас нэр дэвших долоон хүний нэрс тодорхой болжээ. Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг зургадугаар тойрог буюу долоон мандаттай.  Тус тойрог нь нийт 130-аад мянган сонгуулийн насны иргэдтэй.  

МАН

Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ жагсаалтаар биш тойрогтоо нэр дэвших магадлал тун өндөр. Тэрээр Засгийн газрын гишүүдээ жагсаалтаар биш тойрогт нэр дэвших даалгавар өгсөн гэх сураг бий. Буглаж, бугшсан авлигатай тэмцэж буй эхний бөгөөд эцсийн Засгийн газар байж магадгүй хэмээн онцолж буй тэрээр ард иргэдийн дунд рейтинг өндөр байгаа юм.  

Мөн ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяр нэр дэвшихээр горилогсдын дунд байна. “Ерөнхийлөгчийн дүү улс төрд орж болохгүй гэсэн хууль байхгүй” хэмээн ахынхаа нэраар танигдаж буй тэрбээр Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн дарга юм. БЗС-гаас 32 мянган ам.долларын зээл авч Австралид суралцсан гэх түүх түүний намтарт тодоос тод бичигддэг.

УИХ-ын гишүүн дархан аварга Б.Бат-Эрдэнэ парламентийн танхимд таван удаа сонгогдож, 20 жил ажиллажээ. Намын бага хурлын үеэр “Намаас дэвш гэвэл дэвшинэ дээ” хэмээж буй тэрээр дэвших магадлалтай ч түүнийг иргэд, сонгогчид тэтгэвэрт нь гаргах хүсэлтэй. Тэрээр дөрвөн жилийн хугацаанд Гаалийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн барьжээ. Хэнтийн аймгийн Засаг даргаас нөхөн сонгуулиар гишүүнээр сонгогдсон эрхэм болох УИХ-ын гишүүн Ц.Идэрбат 2023 оны намрын чуулганд 82.9 хувийн ирцтэйгээр ажиллажээ. Дахин нэр дэвшихээр горилогчдийн жагсаалтад байгаа тэрээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нэг ч хууль санаачлаагүй  байна. ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонго зургадугаар тойрогт хүч үзнэ гэх шум байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргын алба хашиж байсан түүнийг ЗГ-ын хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны “Шүгэл ажиллагаа”-г хэрэгжүүлэх Ажлын хэсгийг ахлуулсан нь карьерт нь дэмжлэг болно хэмээн тооцоолж буй. Тэрээр ЗГХЭГ-ын Гадаад төсөл, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд даргаар ажиллаж байхдаа Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байсан түүхтэй. 

Нэр дэвшихээр горилж буй дараагийн эрхэм бол ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг. 2019 онд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн олон нийтийн харилцаа хариуцсан зөвлөхөөс улс төрийн ажлаа эхлүүлж, 2020 оны есдүгээр сараас МАН-ын улс төрийн бодлогын газрын дарга, 2022 оноос Ерөнхий сайдын ажлын албаны гишүүн, зөвлөх, мөн Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ.

Хуулийн салбартаа аль хэдий өөрийн байр сууриа олсон хууль зүйн ухааны доктор, профессор Л.Батжав сонгогдох магадлал өндөр кандидатын нэгээр нэрлэгдэж байна. 2020 оны сонгуулиар нэр дэвшсэн ч нэрээ татаж намд элссэн түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүн гэх нь ч бий. Тэрбээр УИХ-ын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, ЗГХЭГ-т Хууль боловсруулах албанд ажиллаж байсан мэргэшсэн хуульч, эрдэмтэн учраас 7 мандатны нэгийг төвөггүйхэн өвөртлөх магадлал өндөр гэж таамаглаж байна.

Сангийн сайдын зөвлөх Х.Алтай зүүн бүсэд горилж, тойргоо усалж байна гэх шум байна. “Хөрөнгийн бирж”-ийн Х.Алтай гэж овоглогдох хүртлээ арван жил гүйцэтгэх захирлаар нь ажиллажээ. Гэвч хөрөнгө, санхүүгийн талаар хотынхонд танигдсан байж болох ч зүүн бүсэд гарах эсэх нь эргэлзээтэй юм.

Горилогсдын нэр дунд Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэн жинтэй хувь эзэлж байна. МАН-ын гишүүн тэрээр “Үндэсний эвсэл”-ийн Н.Номтойбаярын халаасны хүн ч гэлцдэг. 2015 оноос хойш аймагтаа засаг даргаар ажиллаж буй юм.

Ардчилсан намаас дэвших нь тодорхой ДОЛОО

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал нар 2020 онд Сүхбаатар аймгаас сонгогдсон. Иймдээ ч Ж.Батсуурьт тойрогт өрсөлдөөд гарна гэх итгэлийг намаас нь өгч байгаа бололтой. УИХ-ын гишүүдийн хувьд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагнах байдлаар тойргоо услах боломж бүрдэж буй. Иймдээ ч бусад зургаагаа дагуулан тойргоо тойглож, ард иргэдтэй уулзаад эхэлсэн. Тэрээр өнгөрсөн намрын чуулганд 85.7 хувийн ирцтэй  хуралд сууж, 83 минут хоцорчээ. Чуулганы хуралдааны 8.3 хувьд тасалсан гэх үзүүлэлттэй гарч байна. 2020 онд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын ажлын хэсэгт орж ажиллаж байжээ.  2021 онд Монгол Улсын их хурлын хяналт шалгалтын тухай бие даасан хууль санаачлан батлуулсан.

УИХ-ын гишүүн Н.Ганибал мөн нэр дэвших долоогийн тоонд орон тойргоо усалж буй. Тэрбээр 2023 оны УИХ-ын намрын чуулганд 85 хувийн ирцтэй ажилдаа ирж, 11.4 хувь чөлөөтэй, 2.9 хувь таслалттай, 153 минут хоцорчээ. Тэрээр сонгогдсон дөрвөн жилийн хугацаанд 2020 онд Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн мэдүүлж батлуулжээ.

Хэнтий аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Т.Пүрэвхатан 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшээд өвдөг шороодсон ч энэ удаад дахин дэвшихээр иргэдтэй уулзаж эхэлжээ. Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, Баянзүрх дүүргийн ЗДТГ-т мэргэжилтэн, Нийслэлийн Өмчийн Харилцааны газар, Ашигт малтмалын газарт ахлах мэргэжилтэн, Эрчим хүчний зохицуулах хорооны Хуулийн хэлтсийн дарга, Хэнтий аймгийн Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүнээр ажиллаж байсан нэгэн. Өдгөө АН-ын дэд даргын алба хашиж байна.  

Дорнод аймгийн Ардчилсан намын дэд дарга Э.Төмөрбаатар нэр дэвшигсдийн жагсаалтад байна. 2012 оны сонгуулийн дараагаас Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Ажлын албанд зөвлөх, “Нүүрс” хөтөлбөрийн зохицуулагчаар ажиллаж эхэлсэн.  2014 онд Н.Алтанхуягийн фракцийнхан “Нүүрс” хөтөлбөрийн 13.6 тэрбум төгрөгийн хэргээр АТГ-ынханд баривчлагдагдахад Э.Төмөрбаатар ч баривчлагдан зургаан сар хоригдоод суллагдсан. Үргэлжлүүлэн зургаан жил байцаагдаж, 2021 онд хэрэг нь хэрэгсэхгүй болсон түүхтэй.

УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх, Дорнод аймгийн АН-ын дэд дарга, Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Бямбасүрэн. МАХН-ын угшилтай ч 2020 онд АН-аас ИТХ-д нэр дэвшин сонгогдсоноор энэ удаагийн сонгуульд нэр дэвших эрхээ авчээ.

АН-ын ҮБХ-ны гишүүн Ш.Батдэлгэр 2020 онд нэр дэвшээд унасан ч дахин нэр дэвшихээр тойргоо услаад эхэлжээ. Мөн нэр дэвшихээр нэр нь тодорсон хүний нэг нь дуучин СТА Д.Балдан.  Хэнтий аймгийн Ардчилсан залуучуудын холбооны тэргүүнээр ажилладаг.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.