СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-04-19

Г.Ганболд: Нүүрсний ажлын хэсгийн хамгийн том хийсэн ажил бол нууц гэрээнүүдийг ил болгосон

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 долоо хоногийн өмнө

-УИХ-ын гишүүн, Үйлдвэржилтийн Байнгын хорооны дарга Гочоогийн Ганболд Баянхонгор аймгийн зарим суманд ажиллаж байна. Тэрээр Баянхонгор аймгийн Хүрээмарал, Баянбулаг сумдад өчигдөр ажиллаж, бүрэн эрхийнхээ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг иргэдэд танилцууллаа. УИХ-ын гишүүн Г.Ганболдын иргэдэд өгсөн мэдээллээс хүргэе.

УИХ-ын гишүүн, Үйлдвэржилтийн байнгын хорооны дарга Г.Ганболд:

-Би бүрэн эрхийнхээ хугацаанд “Нүүрсний” гэх тодотголтой түр хороо, Оюутолгойн ажлыг хэсэг, Махны бэлтгэл, махны үйлдвэрлэл түүний орчин, нөхцөл, чанарын хяналт, шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч гээд багагүй хэл амтай түр хороо, ажлын хэсгийн ахлагчаар ажилласан.

Нийгэм, олон нийт асар бухимдалтай байна. Энэ нь аргагүй байх. Хэд хоноод л төрийн өмчийн дунд шатны албан хаагчийн гэр орноос 7, 8 тэрбум төгрөг гарч ирж байна. Улсын хилээр ч их хэмжээний мөнгө нууцаар орж ирлээ гэдэг мэдээлэл байнга гардаг. Ийм байхад иргэд бухимдалтай байх нь ойлгомжтой. Гэхдээ УИХ, Засгийн газар авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэж байгааг ойлгох хэрэгтэй.

Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль батлагдсан. Энэ хуулийн хүрээнд нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар Түр хороо байгуулж ажиллах зохицуулалттай болсон. Үүний нэг нь Нүүрсний хэргийг хянан шалгах түр хороо байсан. Нүүрсний түр хороо ажиллаад, сонсгол зохион байгуулаад гэм буруутай этгээдүүдийг олон нийтэд ил болголоо. Бидний мэддэг 1072 хувьцаа, төрийн өмчит Тавантолгой ХК-иас өмнө нь ногдол ашиг авдаггүй байсан. Тэгвэл энэ Тавантолгой ХК-д сүүлийн нэг жилийн хугацаанд бүрэн эрхэт төлөөлөгч томилж, үйл ажиллагааг нь нээлттэй болгоод нүүрсийг нь биржээр зараад бүх асуудлыг ганцхан жилийн дотор 3.5 их наядын ашигтай ажилласан. Нэг л төрийн өмчит компани жилдээ 3.5 их наядын ашигтай.

Монгол Улсын 3.5 сая иргэн 1072 хувьцаа эзэмшиж байгаа. Тавантолгойн хувьцааны ашгийн 20 гаруй хувь буюу иргэн бүрт 256 мянган төгрөг олгосон. Тэгэхээр компани жил бүрийн гурван сард хувь нийлүүлэгчдийнхээ хурлыг хийгээд ногдол ашиг тараагаад явна гэсэн үг. Өмнө нь яагаад тараадаггүй байсан гэхээр нүүрсний хулгай байсан. Бидний хамгийн том хийсэн ажил бол нууц гэрээнүүдийг ил болгосон. Гэмт хэрэгтнүүдэд хариуцлага тооцож байгаа нь Түр хорооны ажлын үр дүн. Нууц гэрээ гэдэг зүйл дахиад хийгдэхгүй. Мөн нүүрсийг биржээр худалдаад эхлэхээр нүүрсээ олон улсын зах зээлийн үнээр зарах боломжтой болсон. Тэгэхээр БНХАУ-ын талын хэлсэн үнээр хямд зардаг байдал арилж байна. Нүүрсний хулгай гэдэг зүйл байхгүй болоод ирэхээр зөвхөн нүүрснээс 2023 онд улсын төсвийн орлого 3.5 их наядаар нэмэгдсэн.

Оюутолгой компанийн бүтээн байгуулалттай холбоотойгоор манай улс 34 хувьдаа ногдох 2.3 тэрбум ам.долларын өртэй болоод байсан. Гэхдээ Түр хороо энэ асуудал дээр сайн ажиллаж, 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглүүлж чадсан.

Сая УИХ-ын гишүүний хувьд санаачлаад, УИХ түр хороо байгуулсан. Лицензийн сонсголыг удахгүй хийнэ. Нийгэмд яригдаад байгаа олон сая га газрыг хэн лицензээр авсан, ямар хүмүүс эзэмшиж байгаа юм. Нэг хүн хэчнээн лицензтэй юм. Тэр лицензүүд ямар хэмжээний нөөцтэй юм гэдгийг нийгэмд ил болгоё. Тэгж байж өнгөрсөн хулгай луйвруудыг дахиж гарахгүй.

Гэхдээ мэдээж үүний эсрэг асар их мөнгөтэй хүмүүс УИХ-ыг харлуулах, их хурлын гишүүдийг нийтээр нь хулгайч болгох гэж оролдож байна. Энэ ч агуулгаараа энэ удаагийн парламентын гишүүд бүгдээрээ хулгайчаараа дуудуулаад зогсож байгаа. Гэхдээ хожим нь хэдэн жилийн дараа энэ парламентын үнэ цэнийг ард түмэн үнэлэх өдөр ирнэ гэдэгт огтхон ч эргэлздэггүй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.