Хориглосон хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулсан хүмүүст хяналт тавиагүй Засаг дарга нарт хариуцлага тооцжээ.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах чиглэлд тогтмол анхаарал хандуулан ажиллаж байна.
Энэ хүрээнд хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулсны улмаас хурдан морь унаач хүүхдүүд бэртэж гэмтсэн, хөгжлийн бэрхшээлтэй болсон, амь нас нь хохирсон явдал гарсаар байгааг анхааруулж, олон улсын гэрээ, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хориглосон хугацаанд харьяалах нутаг дэвсгэртээ хурдан морины уралдаан, үсэргээ зохион байгуулахгүй байх тухай Комиссын гишүүний зөвлөмжийг аймаг, Нийслэлийн Засаг дарга нарт жил бүр хүргүүлж ирсэн.
2024 он гарснаас хойш Ховд, Сүхбаатар, Төв аймгийн нутаг дэвсгэрт хурдан морины уралдаан зохион байгуулсан тохиолдол гарсан.
Иймээс хориглосон хугацаанд харьяалах нутаг дэвсгэрт хурдан морины уралдаан, үсэргээ зохион байгуулж байгаа эсэхэд хяналт тавих, сумдын Засаг дарга нарт дээрх асуудлаар үүрэг, чиглэл өгч биелэлтийг хангуулж ажиллах, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Хурдан морины уралдааны талаар авах зарим арга хэмжээний тухай” 57 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих үүргээ биелүүлээгүй, харьяалах нутаг дэвсгэрт нь хурдан морины уралдаан, сунгаа зохион байгуулагдсан сумын Засаг даргад хуульд заасан арга хэмжээ авах тухай Комиссын гишүүний Шаардлагыг Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, Ховд аймгийн Э.Болормаа, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар нарт 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 02/50 тоот албан бичгээр хүргүүлсэн юм.
Комиссын гишүүний Шаардлагын хэрэгжилтийг хангаж ажиллах хүрээнд шаардлагатай арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлж байгаа бөгөөд тухайлбал, зарим албан тушаалтанд хариуцлага тооцсон тухай албан тайлбарыг дээрх аймгуудаас Комисст ирүүлээд байна.
Тодруулбал,
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Комиссын гишүүний Шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, эрх бүхий албан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасан тул аймаг, Нийслэлийн Засаг дарга нар Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Хурдан морины уралдааны талаар авах зарим арга хэмжээний тухай” 57 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналтад тавьж ажиллана уу.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.