СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-03-01

Т.Баярхүү: 117 мянган малчин өрхөд олгох хүнсний тусламжийн түгээлтийг өнөөдрөөс эхлүүллээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 жилийн өмнө

Улсын онцгой комиссоос өнөөдөр мэдээлэл хийлээ. Хуралд УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга А.Өнөржаргал нар оролцож, УОК-оос зудын нөхцөлд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм.

УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү:

-Тусламж хэрэгтэй айл өрхүүдийн судалгааг гаргаж, 11 аймгийн 46 суманд албан хаагчдыг томилон явуулсан. Зэвсэгт хүчний 214 алба хаагч нь 21 нэгж техниктэйгээр хаваржилт хүндэрсэн Сүхбаатар, Дорнод, Төв аймгийн сумдад үүрэг гүйцэтгэж эхэлсэн.

Аймаг, сумын онцгой комисс, орон нутгийн алба, мэргэжлийн ангиас 2695 малчин өрхийг түлээ түлшээр хангаж, 3614 малчин өрхөд эрүүл мэндийн тусламж үзүүлсэн. Мөн 424 өрхөд хоол хүнсний тусламж хүргүүлсэн. Нийт 37.754 өрхөд 102 мянган боодол өвс, 48392 малчин өрхөд 1500 тонн тэжээл хүргэн ажилласан байна. Давхардсан тоогоор 507 албан хаагч 111 техник хэрэгсэлтэйгээр энэ ажлыг зохион байгуулсан.

Албан хаагчид хаагдсан зам давааг нээх, айл өрхүүдэд хоол хүнс, малын тэжээл хүргэх зэрэг ажилд дэмжлэг үзүүлж ажиллаж байна.

Мөн 17 аймгийн 74 суманд хоёрдугаар сарын 29-ний өдрийн байдлаар 5356 өрхөд 3000 орчим тонн тэжээлийг хүргэсэн байна. Хүндрэлтэй байгаа 15 аймагт зам гаргах шаардлагатай байгаа тооцоог гаргаж, албан хаагчдыг дайчлан 71751 км замыг гаргасан.

Засгийн газраас хоёр дахь ээлж болгон хадгалж байгаа 10 мянган тонн тэжээлийн будааг орон нутагт хүргэх ажлыг зохион байгуулж байна. Засгийн газраас 117 мянга орчим айл өрхөд хүнсний тусламж үзүүлэхээр болсон. Өнөөдрөөс эхний түгээлтийг ачаад гарсан байна. Малчдад туслах аяныг улс даяар зохион байгуулж, өнөөдрийн байдлаар 33 иргэн, 55 аж ахуйн нэгж байгууллагаас нийт 1.9 тэрбум төгрөгийн бэлэн мөнгө, 773 сая төгрөгийн үнэлгээ бүхий бараа материалыг хандивлаад байна. Эхний ээлжид УОК-т хандивласан бараа материалыг хоёр дахь ээлжийн хүнсний тусламжтай цуг орон нутаг руу хүргэхээр болж байна.

Цаашид цас ихээр орсон газруудад шар усны үерээс сэргийлэх, дараагийн болзошгүй эрсдлээс хамгаалах чиглэлд дэмжлэг үзүүлж ажиллаж байна гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.