Нийтийн тээврийн жолооч нар цалин, нийгмийн хангамжаа нэмэгдүүлэх асуудлаар НИТХ-д шаардлага хүргүүлэв.
Жолооч Э.Бат-Орших:
-Нийтийн тээврийн жолоочийн нэг сарын цалинг 3.5 сая төгрөг болгоно гэж хотын дарга мэдээлсэн. Энэ нь бүх төрлийн татварын дараах дүн. Мөн жолооч нар тэтгэврийн эрх нь үүсэхэд 24 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний, нэг удаагийн тэтгэлэг өгнө гэж УИХ-ын гишүүн, түгжрэлийн асуудал хариуцсан сайд мэдэгдсэн. Хэрэгжиж эхэлсэн зүйл алга.
Жолооч нар өглөө 04.00 цагт босож, 05.00 цагт ажил дээрээ ирж, автобусаа нэг цагийн турш халаан, ажилдаа гардаг. Үдийн цайны цаг нь ердөө 20 минут л байдаг. Өдрийн хоолоо идэх биш уугаад гардаг. Шөнө бааздаа ирээд, маргаашийн ажилд бэлдэж, түлшээ хийдэг. Түлшээ хийхийн тулд жолооч нар дугаарладаг. Ингээд 00.30-д баазаасаа гардаг. Жолооч нар өдөр 3-4 цагийн л нойртой, хагас мансуурлын байдалтай, кофе, энергийн ундаа байнга ууж амьдарч байна. Энэ бол нөөцгүй жолоочийн байдал. Олон цагаар ажилладаг ч бид сард 1.8 сая төгрөгийн цалин авч байна. Татвар, НДШ хасаад бид сард нийт 1.2 сая төгрөгийн цалинтай.
Бидний саналыг хүлээн авахгүй бол бид дараагийн арга хэмжээг авна, хурц хэлбэр рүү шилжинэ. НИТХ энэ сарын 28-нд буюу лхагва гарагт хуралдаан, бидний саналыг хүлээж авна гэж найдаж байна. Зарим жолооч ажил хаях санал гаргасан ч энэ хүнд үед болохгүй тул бид ажил хаяхгүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.