Завхан аймгийн Онцгой комисс, Улсын онцгой комиссын Шуурхай бүлгийн хамтарсан өргөтгөсөн хуралдаан болжээ.
Энэ сарын 11-16-ны өдрүүдэд цасан дээр 2-3 см мөсөн үе үүсч Нөмрөг, Отгон, Тэс, Тэлмэн сумын нутгаар төмөр зуд үүсэх нөхцөл бүрдээд байна. Одоогийн байдлаар 45492 мал зүй бусаар хорогджээ.
Арваннэгдүгээр сараас хойш нийт 46 удаагийн цас орж, энэ сарын 12-17-ны өдрүүдэд цас орж шуурсаны улмаас орон нутгийн чанартай зам, даваа хаагдаж, 17 сумын 54 багийн 2,256 малчин өрх төрийн болон бусад үйлчилгээ авах боломжгүй, 194 хүүхэд хичээлдээ ирж чадахгүйд хүрчээ.
Завхан аймгийн сумдын Тамгын газар болон эмнэлгүүдэд автомашин дутагдалтай учраас төрийн албан хаагчид, эмч нар хувийн машинаараа тусламж үйлчилгээнд явдаг байна. Тиймээс Засгийн газраас тус аймгийн дөрвөн суманд энэ оны эхний улиралд багтаан туулах чадвар сайтай автомашин олгохоор шийдвэрлэжээ.
Мөн энэ ондоо багтаан тус аймгийн эрүүл мэндийн салбарт автомашин олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болжээ.
Мөн улсын нөөцөөс нийт 400 тн тэжээл үнэ төлбөргүй олгосныг Шуурхай бүлэг хүлээлгэж өгсөн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.