СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хуурамч архи худалдаалдаг 96 цахим хаяг, 74 группыг хаажээ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 сарын өмнө

Сар шинийн өдрүүдийн гэмт хэрэг, зөрчил, эрүү, хэв журам, авто замын нөхцөл байдлын талаар нэгдсэн мэдээллийг цагдаагийн байгууллагаас өнөөдөр өгөв. 

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг:

-Энэ жилийн сар шинийн баяр амралтын өдрүүдээр нийт 6,525 дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Үүнээс 246 нь гэмт хэргийн шинжтэй, 5,136  нь зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл байсан.

Энэ жил мансууруулах бодис сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой буюу хүрээлэн буй орчны гэмт хэрэг өмнөх оны түвшинд байна. Залилах гэмт хэрэг буурсан байна. Хүнийг алах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдэх, хууль сахиулагчийг эсэргүүцэх зэрэг гэмт хэргийн шинжтэй дуудлага 25-66 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байна. 

Харин хулгайлах, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 2-60 орчим хувиар өсжээ.

Энэ жилийн сар шинийн баяр амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зөрчил өнгөрсөн оны мөн үеэс долоо орчим хувиар буурсан байна. Гэмт хэрэг, зөрчил үйлдэж баривчлагдаж саатуулагдсан хүн 70 хувиар буурчээ. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих буюу Зөрчлийн тухай хуулийн 5.4-т заасан гэр бүлийнхээ хамаарал бүхий этгээдүүдийн эсрэг үйлдсэн хүчирхийллийн шинжтэй дуудлага мэдээлэл 10 орчим хувиар буурсан гэв. 

Нийтийн хэв журам хамгаалах албаны дэд бөгөөд захиргаа удирдлагын хэлтсийн дарга хурандаа Н.Амарсанаа:

-1300 чиглэлд 2600 орчим албан хаагч үүрэг гүйцэтгэсэн. Цагдаа дотоодын цэргийн 1500 алба хаагчид улсын онцгой газруудад мөн ажиллалаа. 

Баярын гурван өдрийн хугацаанд нийт 299 хүн эрүүлжүүлэгдсэн. Иргэд архи, дарс хэрэглэхээ больж, хэрэглэсэн ч биеэ зохистой авч явдаг болсон ахиц гарсан гэж цагдаагийн байгууллагаас дүгнэж байна.

Сар шинийн өмнөх өдрүүдэд олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулж иргэдэд хаана үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй хуурамч архи хууль бусаар худалдах хэрэг нэмэгддэг. "Цахим архи худалдаа" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан. 

Иймд цагдаагийн байгууллагаас уг хэрэгтэй холбоотой 96 фэйсбүүк хаяг, худалдан борлуулах зорилгоор нээсэн 74 группийг илрүүлж хяналт шалгалтын ажил зохион байгуулжээ. 

Иргэд хувиараа хаана үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй ямар нэгэн акц байхгүй, татвар төлөөгүй согтууруулах ундааг хөрш орнуудаас оруулж ирсэн зөрчлүүд ихээр илэрсэн. Мөн хэт доогуур хямд үнээр архи зарж байсан нэр бүхий зургаан архины үйлдвэрийн 10 нэр төрлийн архины татварын акцад шалгалт хийж зарим зөрчлийг илрүүлсэн гэлээ. 

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Очирбат:

- Улсын хэмжээнд 604 цэгт 2000 гаруй албан хаагчид ажилласан. . Уг түгжрэлийг арилгахын тулд биет зохицуулалтыг уулзвар, гарцуудад ихээр хийсэн. Цагаан сарын өмнөх өдрүүдэд ачаалал үүссэн зах худалдааны төвүүд дээр алба хаагчид зохицуулалт хийж ажилласан. 

Иргэд бие биеийнхээ урдуур дайрдаг, урсгал сөрдөг байдал нь харьцангуй багаж соёлтой хөдөлгөөнд оролцдог болсон нь харагдсан. Цаашид аль болох цагдаагийн алба хаагчийн оролцоог багасгаж хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслүүдийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Үүнтэй холбоотой урамшууллын журам 2023 онд батлагдсан. Технологийн хувьд хийгдэж байгаа ажлууд бүрэн дууссаны дараа зөрчлийн талаар мэдээлсэн иргэд урамшуулал авах боломж бүрдэнэ.  Өнгөрсөн онд 8 хүн нас барсан бол энэ жил нэг иргэн нас баржээ. Согтуу жолоочийн зөрчил өмнөх жил 144 байсан бол 61 болж буурчээ. 

ТЦА-наас сар шинийн өдрүүдэд:

  • Эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 81 
  • Зөвшөөрөгдсөн хурдыг 50 хүртэл хувиар хэтрүүлсэн 77
  • Зөвшөөрөгдсөн хурдыг 50 хувиас дээш хэтрүүлсэн 53 
  • Техник бүрэн бус хөдөлгөөнд оролцсон 217
  • Зорчигч тээвэрлэх журам зөрчсөн 43 
  • Ачаа тээвэрлэх журам зөрчсөн 29
  • Хамгаалах малгай хэрэглээгүй долоо
  • Хамгаалах бүс хэрэглээгүй 75 зөрчил болон эрэн сурвалжлагдаж байгаа 41 эд зүйлсийг илрүүлж ажилласан байна. 

Мөн Герман улсын төрийн тэргүүний манай улсад хийсэн айлчлал нь иргэд сар шинийн баярт бэлдэж байх үе буюу хөдөлгөөний эрчим нэмэгдсэн үед таарсан. Иймд цагдаагийн байгууллагаас аль болох иргэддээ хүндрэл учруулахгүйгээр хамгаалалтыг зохион байгуулсан гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.