Жүжигчин Т.Билэгжаргал агсны ээж Л.Норовоо: Миний хүүг олон нийтэд буруугаар ойлгуулсан. Түүнээс болоод бурхан болсон

Жүжигчин Т.Билэгжаргал агсны ээж Л.Норовоо хүүгийнхээ нэрээр “Билэгжаргал сан" байгуулжээ. Түүнтэй ярилцлаа.

-Та хүүгийнхээ гэгээн дурсгалд зориулж сан байгуулсан юм байна. Сангийн үйл ажиллагааны талаар таньтай ярилцах гэсэн юм?

-Хүү минь урлагын салбарт амжилттай гялалзаж явсан. Олон сайхан уран бүтээл хийсэн. Хүнд тусархуу хүн чанартай, сайн хүү байлаа. Маш их өгөөмөр сэтгэлтэй. Ядарсан нэгэн хувцас хунаргүй дорой явж байвал хувцасаа тайлаад өгчихдөг байсан. Мөн хөдөөнөөс ирсэн оюутан хүүхдүүд маш их тусална. Над дээр ирээд Сайхан сэтгэлтэй хүүгийнхээ гэгээн дурсгалд зориулж юу хийх вэ гэж их бодсон.

Хүүгийнхээ талаар кино хийдэг юм бил үү. Асрамжийн газар байгуулдаг юм билүү гэж бодсон. Шведэд би ахмадын асрамжийн  газар нь очиж байлаа. Шведэд хүүхдүүд нь эцэг, эхийгээ манайхан шиг асарч, хамт амьдардаггүй юм байна. Өндөр наслахаараа асрамжийн газар очно гээд мөнгө, төгрөгөө бэлддэг юм билээ. Шведийн асрамжийн газар нь ахмадуудынхаа тав тухыг бүрэн хангасан байдаг юм байна. Хоол, ундаа идээд, амраад асрамжийн газрынхаа ажилтнуудаар асруулаад байж байдаг. Хувцасыг нь ажилтнууд нь угаачихна. Амраад, өрөөндөө вино уугаад байж байдаг. Би тэр асрамжийн газрыг үзэж ирээд хүүдээ ярьж байсан. Хүү минь дараа нь Швед явахдаа тэр асрамжийн газрыг мөн үзэж ирсэн. Тэгээд хүү минь “Ээжээ ийм асрамжийн газар Монголдоо байгуулбал гоё юм байна” гэж ярьж, бодож явсан юм. Хүү бид хоёр нийлээд олон газраар явсан. Энэтхэг, Турк, Сингапур, Хятад, Солонгос, Швед гээд. Солонгос руу бол олон удаа хамт явсан. Би хүү, охин хоёртой. Ганц хүүгээ эрхлүүлээд олон газраар хамтдаа аялсан. Миний хүү бол тусч сайн хүү байсан. Хүү минь нас бараад хоёр жил болж байна. Асрамжийн газар байгуулах гэхээр их хэмжээний хөрөнгө шаардлагатай юм билээ. Тиймээс өөрийнхөө түвшинд хүмүүст сайн зүйл хийе, тусалъя гэж бодож, хүүгийнхээ нэрээр сан байгууллаа. Хүн чанар гаргаж, хүмүүст тусалдаг байя гэж “Билэгжаргал сан”-г байгуулсан.

-Таны хүүг олон нийт тэр бүр мэдэхгүй байх. Хүнд тусархаг сайн хүү байжээ?

- Олны танил байж гээд л шүүмжилдэг. Гэвч Энэ талаар ярих юм бол маш их юм бий. Гэтэл нэг л өдөр бидэнд хүнд зүйл тохиолдсон.

Миний хүүг олон нийтэд буруугаар ойлгуулсан гэж боддог. Цахим орчинд хүүг минь маш их шүүмжилсэн. Цагдаа, хуулийн байгууллагын буруу гэж хүмүүс надад хэлдэг ч нэгэнт болсон зүйл учраас би сөхөлгүй өнгөрсөн. Хүү минь босоод ирэхгүй учраас хэрүүл, маргаан үүсгэдэггүй.

-“Билэгжаргал сан” ямар үйл ажиллагаа явуулах вэ?

-Би Монголын хөрөнгийн биржэд диллерээр ажиллаж байгаад 2000 оны үеэс бизнес эрхэлж эхэлсэн хүн. Сүүлийн 20 гаруй жил бизнес хийж байна. Тогтмол суурьшилтай ажиллаж ирсэн хүн. Тиймээс өөрийн боломжоороо хүмүүст туслахаар шийдсэн. 

АНУ, БНСУ-аас найз нөхөд шинэ хувцас, эд зүйл явуулж байна. Мөн хүүгийн минь гадаадад байдаг найзуудаас нь хувцас, эд зүйл явуулж эхэлсэн. Энэ сан хүмүүсээс хандив авахгүй. Миний болон хүүгийн минь ойр тойрны найзууд л хувцас, эд зүйлийн хандив өгч байна. Би 20 жил бизнес хийсэн хүний хувьд боломжоороо хүмүүст туслахыг хүсэж байгаа.

Жилдээ сар шинийн баяр, шинэ жил, эмэгтэйчүүд, эрчүүдийн баяр, хүүхдийн баяраар хувцас, бараа бүтээгдэхүүнийг хэрэгтэй хүнд нь өгдөг байя. Идэж уугаад дуусах зүйл биш, үлдэх зүйл өгөхийг чухалчилж байна. Хүүгийнхээ нэрийг сайнаар гаргаж, хүмүүст туслаад эрүүл саруул сайхан амьдрахыг хүсэж байна.

Дархан, Сэлэнгэ, Ховд зэрэг аймгууд руу танилаараа дамжуулан хувцас илгээлээ. Амьдарч буй орон сууцныхаа СӨХ-ны ажилчдад мөн хувцас өглөө. Хорооны ажилтнуудад хувцас өгөх бодолтой байна. Цалин, орлого багатай иргэдэд туслах хүсэлтэй байгаа. Өөрийн төрсөн нутаг болох Говь-Алтай аймгийн Тайшир сумынхаа 100 гаруй өрхөд хувцас, сар шинээр хэрэглэх зүйлс өнөөдөр илгээлээ. Ийм байдлаар “Билэгжаргал сан”-гийнхаа ажлыг эхлүүлж байна.

Мөн малчдын хүүхдүүдэд зузаан куртик, дулаан хувцас өгөхөөр зорьж байна.

image 6487327 (3)

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.