СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Б.Ганхуягт 5 жил 9 сар, Т.Аюурсайханд 3 жилийн хорих ял оноолоо

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 сарын өмнө

"Нүүрсний" гэх тодотголтой, хамгийн их олны анхаарал татаж байсан хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэд хоногийн турш хаалттай хэлэлцээд, өнөөдөр үдээс өмнө шүүгдэгч 11 хүнийг гэм буруутайд тооцож, үргэлжлүүлээл ял оноох хурлаа хийгээд шийтгэх тогтоолоо танилцууллаа.

Хэрэгт холбогдогчдыг зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн хэргийг шүүх хэрэгсэхгүй болгосон байна. Бас Б.Отгонжаргалын 30 000 ам.доллароо тайлбарлаж чадаагүй үйлдлийг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж дүгнэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэм буруутайд тооцож нээлттэй хорих ангид гурван жил хорих ял шийтгэж, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хаслаа. Мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн 1.8 тэрбум гаруй төгрөгийн үнэлгээтэй эд хөрөнгүүдийг хурааж улсын орлого болгохоор шийдсэн. Улмаар таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хорихоор болсноор өнөөдөртөө багтаж ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр анги руу хүргүүлэхээр боллоо.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Ганхуягийг үндэслэлгүй хөрөнгөжсөн, хахууль авсан гэмт хэргийн зохион байгуулж оролцсон гэм буруутайд тооцож, үйлдэл тус бүрт нь оноосон хорих ялуудыг нэмж нэгтгэн биеэр эдлэх ялын таван жил есөн сарын хугацаагаар хорихоор тогтоож, нийтийн албанд ажиллах эрхийг долоон жил хасав. Мөн 9.9 тэрбум төгрөгийн үнэлгээтэй эд хөрөнгийг хурааж улсын орлого болгохоор боллоо.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Худалдан авалтын албаны дарга бөгөөд ерөнхий аудитор асан Б.Отгонжаргалыг үндэслэлгүй хөрөнгөжсөн, албан тушаалаа урвуулсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг дөрвөн жил хасаж, хоёр жил зургаан сар хорихоор болсон байна. Бас 400 гаруй сая төгрөгийн эд хөрөнгийг хураах нэмэгдэл ял оноов.

Т.Аюурсайханы шадар туслах, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар томилогдож байсан И.Даваадоржийг хахууль авсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, хоёр жил хорихоор болов. Мөн 400 гаруй сая төгрөгийн эд хөрөнгийг хураахаар шийдвэрлэлээ.

“Лаки лайф” ХХК-ийн удирдах албан тушаалтан Г.Гантөмөрийг хахууль өгсөн гэм буруутай гэж дүгнэн 10 сая 950 мянган төгрөгөөр торгох ял шийтгэсэн.

“Хишиг арвин индустриал” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Хишигдоржийн хүү Х.Батхишигийг хахууль өгсөн гэм буруутайд 2 жил хасаж 14 сая төгрөгөөр торгов.

ЭТТ ХК-ийн Санхүүгийн албаны дарга асан Б.Эрдэнэбаяр, “МД трейвэл” ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Дагвадорж нарыг мөнгө угаасан, хахууль авахад хамтран оролцсон гэм буруутайд тооцоод зорчих эрхийг зургаан сар, нийтийн албанд ажиллах эрхийг гурван жил хасаж, 10 сая 950 мянган төгрөгөөр торгох ял оноолоо.

Б.Ганхуягийн эхнэр П.Бадамхандыг гэрчээр зориуд худал мэдүүлэг өгөх зорилгоор ятгасан гэм буруутайд тооцож нэг сая төгрөгөөр торгосон бол Говийн IX ноён хутагт Данзанлувсантүдэвийг зориуд худал мэдүүлэг өгсөн гэм буруутай гэж дүгнэн 450 мянган төгрөгөөр торгоод түүнийг төлөхөөс чөлөөлөв. Мөн Т.Аюурсайхан дүү Т.Түвшинбаатарыг мөн худал мэдүүлэг өгсөн гэм буруутайд тооцож 450 мянган төгрөгөөр торгосон ч хариуцлагаас чөлөөлсөн юм.

Хэрэгт битүүмжилсэн болон хязгаарласан хөрөнгүүдийг хохирол, төлбөрт тооцуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр боллоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.