“Замаас холд” гэх шаардлага тавьсан иргэнийг цохиж, амь насыг нь хохироожээ
Иргэн П согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гудамжинд автомашин жолоодож явсан А-тай маргалджээ. А түүнд “Замаас холд” хэмээн шаардлага тавихад, П нь “Машинаараа дайрах шахлаа” гэж маргалдан, улмаар А-г машинаасаа бууж ирэхэд нь түүний нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисноос А унаж, газар дээрээ нас баржээ.
Прокуророос П-г “хүнийг санаатай алах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Эрүүгийн хуульд хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байдаг.
П-ийн санаатайгаар цохисон үйлдлийн улмаас иргэн А тархиндаа гэмтэл авч амь нас нь хохирсон тул түүний үйлдэл хүнийг санаатай алах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэжээ.
Анхан шатны шүүхээс П-г “хүнийг санаатай алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Түүний өмгөөлөгч ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхийг хүсэж, давж заалдах шатны шүүхэд хандсан ч П өмнө нь гурван удаа бусдын биед халдаж, ял шийтгүүлж байсан ч засрал хүмүүжлийг олоогүй гэж дүгнэн ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зөв гэж үзсэн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.