Баянзүрх дүүрэгт болсон дэлбэрэлтийн улмаас алба хаагчид амь насаа алдаж, иргэд эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохироод байгаа. Эдгээр иргэдэд эхний ээлжинд 5 тэрбум төгрөгийг зарцуулахаар болсон гэж Сангий сайд Б.Жавхлан мэдээлэв.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Онцгой байдлын комисс өчигдөр хуралдсан. Ойрын хугацаанд 5 тэрбум төгрөгийг нэн яаралтай хэрэгцээтэй оновчтой асуудлуудад зарцуулна. Нэн тэргүүнд амиа алдсан аврагчдын ар гэрийнхэнд зарцуулна. Харин хувь хүний машин тэрэгний асуудал даатгалын эрсдэлээрээ явна. Хувь хүний асуудлыг татвар төлөгчдийн мөнгөөр хааж болохгүй. Бусад асуудлыг хууль хяналтын байгууллага шийдэхээс өмнө иргэдэд тусламж дэмжих асуудал, түрээсийн асуудлыг Засгийн газрын нөөц хөрөнгө болон нийслэл хариуцаад явна.
Онцгой байдлын төсвийг бууруулсан гэдэг дээр тайлбар мэдээлэл өгье. Манай сайд нараас нийтдээ 26 их наяд төгрөгийн төсвийн санал энэ жил ирсэн. Үүнээс 22 их наяд нь төсөвт урсгал зардал болж орсон. Харин хөрөнгө оруулалт нийт сайд нараас 10.3 их наяд төгрөг гэж орж ирсэн. Үүнээс төсөвт багтсан нь 3.3 их наяд байсан. Ингээд нийлээд 25 их наяд болоод боогдсон. Өмнөх жилүүдтэй энэ төсвийг харьцуулж харах шаардлагатай. Бүх хүсэлтийг төсөвт багтаах ямар ч боломжгүй. Онцгой байдлын газрын 2023 оны төсөв 212 тэрбум төгрөг байсан бол 2024 онд 426 тэрбум төгрөг болж нэмэгдсэн. 103 хувиар өссөн гэсэн үг. Урсгал зардал 156 тэрбум байсан, ирэх оных нь 216 тэрбум болж 40 хувиар нэмэгдсэн. Энэ нь бусад бүх сайд нараас өндөр үзүүлэлт.
2023 онд 17.2 тэрбум төгрөгийн худалдан авалтыг хийх бүрэн боломжтой. Барилга байгууламжийн хувьд 21.5 тэрбум төсөвтэй байгаа. Гадаадын тусламж нь 2023 онд 30.1 тэрбум байсан бол 2024 онд 151 тэрбум төгрөг болж байгаа. Онгоцоор авран хайх ажиллагааг нэмэгдүүлэх тал дээр илүү анхаарсан гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.