Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өвөлжилтийн нөхцөл байдалтай холбоотойгоор Засгийн газар, Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэр, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.
УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан:
-Засгийн газар, УОК-иос цаг тухай бүрт шийдвэр гарган ажиллаж байгаатай холбогдуулан одоо авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулж, мэдээлэл хийж байхаар боллоо.
Засгийн газрын зүгээс арванхоёрдугаар сараас харгалзах арга хэмжээг авч ажиллаж байна. Ингэхдээ өвс, тэжээлийг үйлдвэрийн үнээр малчдад нийлүүлэх, хүргэж өгөхийг зорьж байгаа. Ингэхдээ орон нутгийн удирдлагууд малчдаасаа захиалгаа аваад, УОК-д захиалга өгнө. УОК-ийн шуурхай штаб 24 цагаар өндөржүүлсэн байдлаар ажиллаж байгаа.
Энэ жилийн өвөл сүүлийн 10, 20 жилд тохиолдоогүй хүнд өвөл болж байгааг энэ жилийн зудын үнэлгээнээс харж болно. Төмөр зуд бол тэр болгон нүүрлээд байдаггүй. Хэдийгээр зуншлага сайн, өвс ургамлын гарц байгаа ч гэсэн тэр цасанд дарагдсан мөстсөн учраас зарим газруудад таван ханатай гэр хүртэл дарагдсан байна. Үүнийг дагаад хаврын шар усны үер нүүрлэх эрсдэлтэй болж байна.
Монгол орны нийт нутгаар 2023 оны 11-12 дугаар сард 4 удаагийн цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдэл болж, нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсоны улмаас мал бэлчих боломжгүйд хүрсэн. Өнөөдрийн байдлаар 7 аймгийн 27 суманд төмөр буюу шилэн зудын нөхцөл үүссэн байгаа бол цасны зузаан харьцангуй бага боловч зундаа гантай байсан Говь-Алтай аймгийн Чандмань, Өмнөговийн Гурвантэс, Ноён, Сэврэй зэрэг сумдын нутгаар харын зуд нүүрлэж өвөлжилт хүндэрч байна. Зөвхөн энэ оны 1 дүгээр сарын 1-ээс 19-ний хооронд гэхэд 176 мянга гаруй мал хорогдоод байна.
Отор нүүдэл хийж байгаа иргэдэд төрийн болоод эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүрээнд Дорнод аймгийн Матад, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Хэрлэнбаян-Улаан, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Мөрөн, Улаан-Уул сум буюу нийт дөрвөн аймгийн зургаан суманд отрын штаб байгуулан ажиллаж байна.
Говь-Алтай аймгийн Чандмань, Өмнөговийн Гурвантэс, Ноён, Сэврэй зэрэг сумдын нутгаар харын зуд нүүрлэж өвөлжилт хүндэрч байна.
Мөн малчдын махны нөөц нэлээд хуримтлагдсан байна. Өнгөрсөн сарын байдлаар 49 мянга 500 тонн махыг нөөцөлсөн. Малчид үнэ хямд байна, борлуулалт муу байна гэж хэлдэг. Тиймээс эдийн засгийн эргэлтэд махаа оруулах шаардлагатай байна гэх саналыг хэлж байгаа. Бид ХХААХҮЯ-тай хамтран мал, махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгоно. Өмнө нь зөвхөн гараас гарт худалдаа хийдэг байсан бол одоо биржээр худалдаа хийдэг боломж бүрдлээ. Нэгдүгээр сарын 18-ны өдрөөс зохион байгуулалтаа хийж эхэлсэн. Цаашдаа арьс, шир, түүхий эд, өвс тэжээлээ биржээр худалдаалж эхэлнэ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
өвөлжилтийн бэлтгэл хангуулаагүй энэ товариш зайлах хэрэгтэй худлаа рекламнаас өөр юуч гүй нөхөр