Түмэн олондоо хүндлэгдэн төрийн эрхэм дээд шагнал хүртсэн эрхмүүдийн сэтгэгдлийг хүргэж байна.
Хөдөлмөрийн баатар Ч.Галсан:
-Би цагийн хүрдний баатар байсан. Одоо Монгол Улсынхаа баатар боллоо. Маш их баярлаж байна. Хөдөлмөр бол хүний амьдралын уг үндэс юм. Би хөдөлмөрлөх хоббитой хүн. 80 насны босгон дээр алдарт энэ цолыг хүртсэндээ хэмжээлшгүй их баярлаж байна. Монгол эх орон, түмэн олондоо баярлалаа. Бид яаж ажиллана Монгол эх орон минь тэгж харагдана.
Гавьяат багш О.Ажигсүрэн:
-Улсад 58 жил ажилласан. Үүнээс 51 жилд нь ерөнхий боловсролын болон, мэргэжлийн сургуулиудад ажилласан байна. Төрийн дээд шагнал авсандаа үнэхээр их баярлаж байна. Надтай үргэлж хамт байсан хүмүүсийн ач буян надад тусаж байна гэж бодож байна. Сайн сайхан бүхнийг та бүхэндээ хүсэн ерөөе.
СГЗ, хүүхдийн зохиолч О.Сундуй:
-Миний бага насыг аз жаргалтай, сайн сайхан байлгасан аав ээждээ, нийт хүүхэд багачууддаа баярлалаа. 40 жилийн өмнө анхны шүлгээ бичиж байжээ. Харин анхны бүтээлээ гаргаад 30 жил болсон байна. Энэ хугацаанд хүүхдийн арав гаруй жүжиг, дөрвөн кино, 30 гаруй ном бүтээл туурвижээ.
Хүүхдийн утга зохиол гэдэг нь үе үеийн хүүхдүүдийн эх хэлний багш байдаг. Хүмүүжил төлөвшилд маш хүчтэй нөлөөлж байдаг юм гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.