СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2023-12-21

🔴ЧУУЛГАН: Сонгуулийн тойргийг орон нутагт бүсчилсэн 7, нийслэл Улаанбаатарт 6, нийт 13 байхаар тусгажээ

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 сарын өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар ирэх оны сонгуулийн тойрог, нэр дэвшигчдийн зарцуулах зардлыг хэлэлцэж байна. УИХ-ын сонгуулийг орон нутагт бүсчилсэн 7, нийслэл Улаанбаатарт 6, нийт 13 тойргоор явуулахаар төсөлд тусгажээ.

  1. Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудыг нэгтгэн 1-р тойрог;
  2. Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг нэгтгэн 2-р тойрог;
  3. Баян-Өлгий аймаг 3-р тойрог;
  4. Булган, Орхон, Хөвсгөл аймгуудыг нэгтгэн 4-р тойрог;
  5. Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудыг нэгтгэн 5-р тойрог;
  6. Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудыг нэгтгэн 6-р тойрог;
  7. Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудыг нэгтгэн 7-р тойрог;
  8. Баянзүрх дүүрэг 8-р тойрог;
  9. Баянгол дүүрэг 9-р тойрог;
  10. Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг нэгтгэн 10-р тойрог;
  11. Сонгинохайрхан дүүрэг 11-р тойрог;
  12. Хан-Уул дүүрэг 12-р тойрог;
  13. Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нэгтгэн 13-р тойрог байхаар тооцжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-2024 оны сонгууль хүч тэнцвэргүй сонгууль болно. МАН сонгуульд бярдах нь. Ард түмнийг ядууруулж, олон хулгай хийсэн эрх баригчдаас салах цаг ирж байна. Манай нам асуудалтай байсан. Том зорилгын төлөө одоо нэгдэх цаг ирсэн.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: 

-Баян-Өлгий аймгийг тусад нь тойрог болгох нь ялгаварлан гадуурхалт болно. Үндсэн хуульд хүнийг шашин шүтлэг, эрхэлж буй ажил, яс үндсээр нь ялгаварлан гадуурхахыг хориглосон. Мөн манай улсын бүсчилсэн хөгжлийн бодлоготой энэ шийдвэр зөрчилдөж байна.       

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

 Баян-Өлгий аймаг гурван мандаттай. Энэ аймгийн иргэд өөрийн төлөөлөлтэй байх шаардлагатай. Бид олон хувилбарыг судалж, тал талаас нь ярилцаад, Монгол нэгдмэл улс, цөөнхөө хүндэтгэж олонх шийдвэрээ гаргадаг зарчмыг баримталсан. Энэ аймгийг гадуурхсан зүйл байхгүй, аймгийн цаашдын ирээдүйн хөгжлийг ч бодолцсон. Манай улсын бүс нутгийн хөгжлийн үзэл баримтлалтай ч нийцнэ. Баруун бүсэд таван аймаг бий, ганцхан Баян-Өлгий аймаг багтдаггүй.      

УИХ-ын гишүүн Б.Бэйсэн: 

-Баян-Өлгий аймгийг тусад нь, нэг тойрог болгосныг дэмжиж байна. Гэхдээ Үндсэн хуультай харшилж байгааг яаж шийдэх вэ? Манай аймагт тува, урианхай иргэд ч бий. Мөн энэ аймаг стратегийн чухал байршилд оршдог.  

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

-Зарим тойрог ойлгомжгүй байна. Жишээ нь Багануур, Багахангай, Налайхыг нийлүүлээд нэг тойрог болгон, хоёр мандат өгчээ. Эдгээр нь нэг жижиг сумтай дүйнэ. Төв аймгийг нэгтгэвэл бүсийн хөгжлийн тухай ярьж болно. Баянгол, Хан-Уул дүүргийг яагаад нэгтгээгүй вэ? Аймгууд нэгдсэнээр улсын төсвөөс илүү мөнгө хуваарилуулах болно.     

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: 

-Тойргийн хуваарилалт шог байна. Хан-Уул дүүргийг Т.Доржханд гишүүнд өгчээ. Том тойргийг нэр дэвшигчид бүтэн тойрч амжих уу? Залуучууд, эмэгтэйчүүдээ дэмжинэ гэдэг ч тэдэнд том тойргоор явж, иргэдтэй уулзах санхүүгийн боломж байхгүй. 14 хоногт ийм том тойргоор яаж ч яваад амжихгүй. Монгол өргөн уудам. Бие даан нэр дэвшигч, эмэгтэй нэр дэвшигчид, эрдэмтэд УИХ-ын гишүүд болж чадахгүйг би мэргэн хүн шиг хэлье. Та нар хүнд зориулсан, өөрсдөө л ялах тойрог зуржээ. Хан-Уул дүүргийг Баянголтой нийлүүлэх нь зөв.        

УИХ-ын гишүүн Т.Туваан: 

-Жалга довын үзлээсээ салах нь том тойргийн давуу тал мөн. Бүсүүдээ дугаарлахын оронд нэр өгөх нь зөв. УИХ-ын гишүүн бол төр, ард түмний гүүр болдог, ард түмний элч байх учиртай. Гэтэл тойрог томссоноор иргэдтэй уулзах, тэднийг сонсох, хүсэлтийг нь шийдэх ажил одоогийнхоос 3 дахин хүндэрнэ. Сурталчилгааны хугацаа 18 хоног байсныг цөөлөх нь буруу, 22 хоног байх ёстой гэж би хэлж байсан. Бид нисдэг тэргээр яваад байж чадахгүй. Гурван аймгийн 17 сумаас сонгогдсон гишүүн яаж ажиллах юм бэ? Төв аймаг, Сэлэнгэ, Дарханыг газар тариалангийн бүс гэдгээр нь нэгтгэж, нэг тойрог болгох нь зөв.      

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: 

-Нийслэлийг урд, хойд, баруун, зүүн гэж 4 бүст хуваах нь зөв. Сонгуулийн томсгосон тойргийг УИХ-ын дийлэнх гишүүн дуу нэгтэй батлах гэж байгаад баяртай байна.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: 

-Хэт том тойрог байгуулжээ. Ингэснээр цөөн сонгогчтой аймгууд УИХ-д төлөөлөлгүй болж, эзэнгүйдэх эрсдэл бүрджээ. Сонгуулийн ерөнхий хороонд өмнөх сонгуулийн ирцийн мэдээлэл бий. Ирэх сонгуульд хэдэн хүнээс санал авч байж УИХ-ын гишүүн болохыг хэлж өгнө үү. Мөн холимог тогтолцоог 2028 онд мөн хэрэглэснээр үр дүн нь гарна. Бид сонгууль бүрээр тогтолцоогоо өөрчилдөг нь буруу. Бүсийн хөгжлийн тулгуур төвүүд илүү хөрөнгө оруулалт татаж, бусад аймаг хөгжлөөс хоцрох эрсдэл ч байна гэв.      

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.