Монгол орны нийт нутгаар хүйтний эрч чангарч, зарим газар өвөлжилт хүндэрч, цагаан зудын аюул нүүрлээд буй билээ. Цас их орж, шуурч байгаагийн улмаас иргэд төөрч, осгох, амиа алдах явдал ч нэг бус удаа гарсан.
Хамгийн сүүлд уржигдар Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн иргэн Б Хацрын ар гэдэг газар өвөлжиж байсан айлаас 06.00 цагийн үед гэртээ харихаар гараад сураггүй болсон байна. Тус аймгийн Онцгой байдлын газарт 11.30 цагийн үед энэ тухай мэдээлэл ирсний дагуу Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид эрлийн ажиллагааг эхлүүлж, энэ сарын 19-ний 15.54 цагт айлаас нь баруун зүгт есөн км-ийн зайтай орших Өгөөмөр багийн нутаг Олон овоо гэдэг газраас цогцсыг нь олж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Тэгвэл хилчид төөрсөн, машин, унаа нь эвдэрсэн хүмүүст тусламж үзүүлж, амийг нь аварсан тохиолдлууд ч гарч байна. Тухайлбал, Булган аймгийн Тэшиг сумын Шавартын хөндий хэмээх газар халтиргаатай замд “Портер”-той иргэд онхолдож осолдсон байсныг хилийн цэргийн 0286 дугаар ангийн авто засварын инженер, хошууч А.Батгэрэл ахлагчтай, ахлах ахлагч Х.Очир-Эрдэнэ, Э.Очирбат, О.Сүхбаатар нарын бүрэлдэхүүнтэй бүлэг олж, анхны тусламж үзүүлэн амийг нь аварчээ. Хилчид энэ онд эрдэнэт хүний амь аварсан анхны тохиолдол энэ биш. Хэдхэн хоногийн өмнө хилийн цэргийн 0130 дугаар ангийн хариуцсан хэсэг буюу Ховд аймгийн Алтай сумын Барлаг багийн иргэн Ж.Алтанцэцэг гэрээсээ 17 км зайтай газар, Шивээт ууланд төөрч осгоод байхад нь хилийн 0264 дүгээр салбарын дарга, хошууч Б.Энхбат, ахлах ахлагч Ц.Ууганбаатар, дэд ахлагч Н.Цогбадрал, М.Уатхан нарын бүрэлдэхүүнтэй бүлэг олж, эмнэлгийн анхны тусламж үзүүлэн ар гэрийнхэнд нь эсэн мэнд хүлээлгэн өгсөн юм.
Цаг агаар хүйтэн, цас ихтэй, зам халтиргаа гулгаатай байгаа энэ үед орон нутгийн замд гарч буй жолооч, зорчигч нар өөрсдийн болон автомашины бэлтгэлээ сайтар базааж, аюулгүй байдлаа хангахыг холбогдох байгууллагуудаас байнга сануулж, сэрэмжлүүлж буй билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.