Б.Сарантуяа: Д.Алтанхуяг өөрөө зохион байгуулалтын алдаа гаргасан шүү дээ

ДБЭТ-ийн захирал Б.Сарантуяа "Цөмөөхэй" бүжгэн жүжгийн бэлтгэлийг хийлгэлгүй, өмнө нь ярилцан тохиролцсон амнаасаа буцаж, бяцхан балетчдыг театраасаа "хөөж гаргасан" хэмээн МУГЖ, Соёлын элч Д.Алтанхуяг цахим хуудастаа бичсэн билээ. 

Балетын урлагт хайртай хүмүүсийг гайхшруулсан уг мэдэгдлийг ДБЭТ-ын захирал Б.Сарантуяа үгүйсгэж, үүсээд буй асуудлын хүрээнд өөрийн байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр, 2023.11.27-ны өдөр Балетын хөгжлийн сан болон УДБЭТ хооронд байгуулсан гэрээгээр бол 2023.12.10,17-ны өдрүүдэд тайзан дээр нэгдсэн бэлтгэл хийнэ, 22,23,24-ны өдрүүдэд 4 удаа тоглолт хийнэ. Бэлтгэлийг хангах үүргийг урьдчилан мэдэгдэх ёстой гэж гэрээнд заажээ. Өөрөөр хэлбэл 2013.12.15-ны өдөр бус 17-ны өдөр бэлтгэл хийх ёстой байсан ч урьдчилан мэдэгдэлгүйгээр хүрч ирсэн. Ажилчны тавьсан шаардлагыг хүлээн авалгүй зүй бус харьцсан гэж хэлсэн тул би өөрөө очсон. Юу болсон бэ гэж асуусан. Гэрээнд заасан өдөр бус өөрсдөө дур мэдэн хүүхдүүдийг цуглуулсан байна. 

Балетын хөгжил сангийнхан буюу гавьяат жүжигчин Д.Алтанхуяг 10 жил дараалан ДБЭТ-т уг жүжгээ тавьж байгаа юм билээ. Энэ жил бас тоглоё гэсэн. Бид 4 удаагийн тоглолт хийхийг нь зөвшөөрч гэрээ хийгдсэн. Энэ төрийн өмчийн байр. Би дүрэм журмын дагуу шаардлагаа л тавьсан. Энэ бол зохион байгуулалтын алдаа шүү дээ гэлээ.

МУГЖ Д.Алтанхуяг: Гэрээний заалтад тайзаа түрээсэлж байгаа. Дор ажиллаж байгаа хүмүүс тус бүртэй уран бүтээлийн гэрээ хийж байгаа. Тэр хүмүүстэй тохироод хэдийд бэлтгэлээ хийх вэ гэх зэргээр байнга холбогдож байгаа. Хэдэн хүн оролцох вэ, хэдэн хүн өвчтэй байна, хэдийг өөрчлөх вэ гээд өнгөрсөн 9 дүгээр сараас хойш бэлтгэлээ хийж байна.

Өнөөдөр /2023.12.15/ бол хамгийн том бэлтгэл хийх ёстой өдөр байсан. Энэ их түгжрэл, хүйтэнд мэргэжлийн багш, ажилчид, бүх хүүхдүүдийг цуглуулсан. Заалны түрээс гэж ярьж байна. Хэзээ байтлаа ингэж байсан юм бэ. Тоглолт бүрийн урд хэдэн өдрөөр л бэлтгэл хийдэг шүү дээ. Надад мэдэгдэхийн оронд яагаад хүүхдүүдийг шууд хөөж байгаа юм бэ. "Би эзэн нь, би захирал нь" гэсэн шиг орж ирсэн. Би жүжигчдээ бодоод л энд цуглуулсан. Монгол улсад ганцхан театр, ганцхан балетын анги байна. 

Цаашдаа ийм байвал энэ улсад сонгодог урлаг яах хөгжих вэ гэж би мохож байна. Маш энгийнээр хэлэхэд хүн өөрийнхөө хүүхдийг ороод ирэхэд хөөгөөд гаргадаггүй. Энэ захиралтай дор ажиллаж байгаа хүмүүс нь холбоогүй юм байна л гэж ойлголоо. 

Эх сурвалж: Нэгүүн.мн 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.