ДБЭТ-ын захирал Б.Сарантуяа нь ДБЭТ болон Уран зургийн галлерейн захирлаар давхар ажилладаг

МУГЖ, Соёлын элч Д.Алтанхуягийн найруулгатай "Цөмөөхэй" балет 2023 оны 12-р сарын 22,23,24-ний өдрүүдэд нийт дөрвөн удаа тоглогдохоор бэлтгэл ажилдаа ороод буй билээ. 

2023 оны "Цөмөөхэй" балетад Клара охины дүрд Монголын Балетын Үндэсний сургуулийн сурагчид болох З.Анирлан, С.Халиун, Сильфида балет төгөлдөр хуурын сургуулийн сурагч М.Номин нар бүжих бол амттаны дагинад УДБЭТ-ын гоцлооч МУГЖ Б.Саруул, Г.Нямцэрэн, Б.Халиунаа, Цөмөөхэй ханхүүд Х.Галтулга, Б.Дөлгөөн, Авга Дроссельмейерт МУГЖ Х.Мөнгөнхөлөг нар жүжиглэх юм.

"Цөмөөхэй" балетад уламжлал ёсоор хоёр зуугаад хүүхэд багачууд нээлттэй сонгон шалгаруулалтаар тэнцэн тайзнаа гарах бөгөөд Монголын балетын үндэсний сургууль, Монгол Улсын Консерваторийнсурагчид оролцон тоглохоор шалгарчээ. 

Тоглолтын бэлтгэл ажлын хуваарийн дагуу баасан гарагт /2023.12.15/ ДБЭТ-т бэлтгэл хийхээр товлогджээ. Ингэхдээ өнгөрөгч 10 дугаар сард тус театрын орлогч захирал, уран сайхны удирдагч нартай уулзаж тохиролцсон аж.

Энэ үеэрээ жил бүр уламжлал болгон хийгддэд Цөмөөхай балетын тоглолтыг "ДБЭТ-т өгье" гэх саналыг хэлэхэд бүгд дуу алдан хүлээн авсан гэж МУГЖ Д.Алтанхуяг цахим хуудастаа бичжээ. Гэвч тоглолтын бэлтгэл ажил хийх үеэр тус театрын удирдлагууд үгнээсээ буцаж гавьяатыг бэлтгэлийн хүүхдүүдтэй нь хамт "хөөн гаргасан" хэмээн тэрбээр бухимдлаа илэрхийлсэн юм.

Уг нь Цөмөөхэй бүжгэн жүжгийн тоглолт тус театрт 135,620,000₮-ийн орлого оруулах гэрээ хийгдсэн байжээ. Гэвч уг орлого дээр нэмж бэлтгэлийн үеэр "түрээс төл" гэснээс болж уг маргаан гарсан бөгөөд эцэст нь УДБЭТ-ын захирал Б.Сарантуяагийн шийдвэрээр бяцхан бүжигчдийг "хөөн гаргажээ".

Ташрамд дурдахад, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын захирал Ц.Түвшинтөгс 2023 оны долдугаар сард ажлаа өгч, түүний оронд Б.Сарантуяаг түр томилоод буй. Тэрбээр энэ үед Уран зургийн галлерейн захирлаар /2018 оноос хойш/ ажиллаж байсан бөгөөд өдгөө дээрх хоёр ажлыг хавсран гүйцэтгэж байгаа ажээ. 

Б.Сарантуяа нь эрх зүйч мэргэжилтэй бөгөөд удирдлагын ухааны магистр, соёлын менежмент мэргэжлээр СУИС-д давхар суралцсан байна. 2001 оноос Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т Соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн, 2004 оноос нийслэлийн Захирагчийн ажлын албанд хотын рекламны асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад галлерейн захирлаар дэвшсэн аж. 

Мэргэжлийн урлагийн томоохон хоёр байгууллагыг толгойлж буй тэрбээр УИХ-ын гишүүн Б.Жаргалмаагийн төрсөн дүү Б.Мөнхбатын эхнэр юм байна.

Шинэ захирал Б.Сарантуяа өнөөдөр 13:00 цагаас үүсээд буй асуудлын хүрээнд хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх юм байна. Дэлгэрэнгүй хүргэх болно. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.