Дэлхий улсуудад аливаа шударга бус явдлын эсрэг, хүний эрх, эрх чөлөөг бодитойгоор эдлүүлэхийн төлөө тэмцэж буй хүний эрхийн хамгаалагчийн үйл ажиллагаа явуулах орон зай, эрх чөлөө нь хязгаарлагдаж, заналхийлэл, дарамт шахалтанд орж буйг анхаарч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1998 оны тогтоолоор “Нийтээр хүлээн зөвшөөрсөн хүний эрх, үндсэн эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжих хувь хүн, нийгмийн нэгж, байгууллагын эрх, үүргийн тухай тунхаглал” (Хүний эрхийг хамгаалагчийн тухай тунхаглал) -ыг батлан гаргаж, энэ чиглэлээр үр дүнтэй арга хэмжээ авахыг улс орнуудад уриалсан билээ.
Хүний эрхийн хамгаалагчийн үйл ажиллагааны баталгаа, хамгаалалтыг хууль тогтоомжоор дэмжих зорилгоор дэлхийн 10 гаруй улс хүний эрхийн хамгаалагчийн эрхийг баталгаажуулсан хууль тогтоомжийг баталсан байдаг.
Манай улсад хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлыг тодорхойлох, хөхиүлэн дэмжих, хүндэтгэх, хамгаалах, үйл ажиллагаа явуулах нөхцөлөөр хангах, хамтран ажиллах, Хүний эрх хамгаалагчийн хорооны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2021 онд баталсан.
Улмаар УИХ-ын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолоор ХЭҮК-т Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн томилогдсоноор Комиссын дэргэд хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо байгуулагдсан юм.
Ийнхүү Монгол Улсад хүний эрх хамгаалагчийг хамгаалах механизм бүрдээд байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.