Гэрэл зургийг Б.Баяр /албан ёсны зөвшөөрөлтэй/
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнгөрөгч баасан гарагийн Улсын Их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар танилцуулсан. Хөдөө аж, ахуйн салбарт өвөлжилтийн нөхцөл байдал хэр байгаа талаарх танилцуулгад дээрх тоо баримт дурдагджээ.
Тухайлбал,
Энэ жил Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 50 гаруй хувь зудын өндөр эрсдэлтэй гэдэг тооцооллийг мэргэжлийн байгууллагууд гаргасан. 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 10 аймгийн 22 сум цагаан зудтай, 8 аймгийн 26 сум цагаанаар зудархуу нөхцөлд шилжсэн байна.
Мөн улсын хэмжээнд нийт 190,1 мянган малчин өрхөд 69,1 сая мал өвөлжиж, 17,2 сая толгой мал эргэлтэд оруулах урьдчилсан тооцоолол бий. Өөрөөр хэлбэл аймгуудын мэдээллээр 17.2 сая толгой малыг хэрэгцээлэхээр төлөвлөсөн нь 2023 онд бойжуулсан төлийн 95.5 хувьтай тэнцүү байна.
Нийт 18,8 мянган малчин өрхийн 7,8 сая мал отроор өвөлжиж, хаваржих зохион байгуулалт хийгдсэн нь өмнөх оноос 1,9 сая толгойгоор буурсан үзүүлэлт ажээ
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 85,7 хувьтай хангагдаад байгаа бол аймаг сумын аюулгүй нөөц бүрдүүлэлт 78.5 хувьтай бэлтгээд байна.
2024 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд бүх төрлийн малын махны экспорт, импортод тоо хэмжээний хязгаарлалт тогтоохгүй байхаар шийдвэрлэж, өнөөдрийн байдлаар 70,0 мянган тн мах, махан бүтээгдэхүүнийг экспортлоод байгаа ажээ. Үүний 40 хувь нь дулааны аргаар боловсруулсан бол экспортын махны 11 хувь нь үхэр, 36 хувь нь адуу, 20 хувь нь хонь, 33 хувь нь ямааных аж. Мөн экспортод гаргасан махны 86 хувийг БНХАУ, нэг хувийг ОХУ, найман хувийг Иран, хоёр хувийг Хонконг, үлдсэн хувийг бусад улс оронд гаргажээ. Энэ оны хувьд нийт 106.4 мянган толгой бог малыг 7.6 сая ам доллараар экспортолсон юм байна.
Махны нөөц
Нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан 8000.0 тн махыг бэлтгэн нөөцлөх ажил хийгдэж байна.
Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн экспортолж байгаа 44 аж ахуйн нэгжтэй Бодлогын гэрээг байгуулж, экспортолсон махны тоо хэмжээний 10 хувьтай тэнцэх хэмжээний үхэр, хонины махыг бэлтгэн дотоодын зах зээлд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн.
Монгол Улсын хүн амын тэн хагас нь оршин сууж буй нийслэлийн хүн амын өвлийн улирлын махны хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Өвлийн идэш арга хэмжээ”-г энэ оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 12 дугаар сарын 3-ны өдрийг дуустал хугацаанд 9-11 байршилд зохион байгуулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.