? ЗХЖШ: Өглөө "сэрэх" командаар сэрээгүй тул нас барсан болохыг нь мэдсэн
Өнгөрөгч аравдугаар сарын 19-22-ны өдрүүдэд нийслэл хотод энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага болсон. Энэ удаагийн татлагаар "Мандах" их сургуулийн төгсөх курсийн оюутан Д нь Баянгол дүүргийн цэргийн штабаас /2023.10.20/ цэрэгт татагдаж, Зэвсэгт хүчний 326 дугаар ангид хуваарилагджээ.
Тус оюутан цэргийн ангидаа очоод 24 дэх хоног дээрээ нас барсан. Талийгаачийн ар гэр рүү цэргийн ангиас нь өнөөдөр /2023.11.13/ холбогдож "Хүү чинь унтаад сэрсэнгүй, ирж цогцсыг нь үз" гэжээ.
Аав ээж нь зариг сайтад өгсөн ярилцлагадаа "Хүү минь эв эрүүл цэрэгт татагдсан. Төгсөх курсийн оюутан байсан. Сургуулиас нь бичиг аваачиж өгсөн ч цагдаагаар хамгаалуулаад хүчээр ачаад явсан. Гурван эмчийн үзлэгээр "эрүүл саруул" гэж үзээд цэрэгт татсан. Өглөө 08:00 цагт утас дуугарсан. "Цэргийн ангиас ярьж байна. Хүү чинь унтаад сэрсэнгүй. Ирж цогцсыг нь үз" гэж хэлсэн. Би /ээж/ өнгөрсөн лхагва гарагт анги дээр нь очиж хүүдээ юм хум хүргэж өгсөн ч уулзуулаагүй. Үнэхээр их гомдолтой байна. Хүүгээ харсан. Гар нь хөхөрчихсөн, үнэхээр сэжигтэй байсан. Казармын орон дээрээ урагшаа чигтэй, дээшээ хараад хэвтэж байсан. Нурууг нь эргүүлж харахад тэр чигээрээ улаан хүрэн байсан. Цагдаа нь "Өглөөнөөс хойш удчихсан тул цогцос янз бүр болдог. Та нар гадны нөлөөтэй гэж бодох вий" гэж хэлсэн.
Үүнээс гадна ар гэрийнхэн камерийн бичлэг үзэх, ангийн албан хаагчидтай уулзах хүсэлт тавиад байсан билээ.
Болсон явдлын талаар Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлэл өглөө.
ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Ч.Цогтжаргал:
-Үзлэг шалгалт хийгдэж байна. Өнгөрсөн шөнө буюу 2023 оны 11 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө 326 дугаар ангид цэрэг нас барлаа. Талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.
Дотоод хяналт шалгалтынхан чиглэлийн дагуу ажиллаж байна. Өглөө 06:30 цагийн орчимд над руу утсаар харамсалтай мэдээлэл ирсэн. Шуурхай бүлэг очиж ажиллахад урьдчилсан байдлаар ил харагдах гэмтэл шархгүй байсан. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учир илүү мэдээлэл өгөх боломж байхгүй байна. Ангийн захирагч цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгч байна.
Талийгаач орой унтах командаар орондоо ороод унтсан. Өглөө сэрэх командаар сэрээгүй тул үзлэг хийгдэж нас барсан болохыг тогтоосон. Хуулийн байгууллага ажиллаж байна. Бид хамаагүй мэдээлэл өгч болохгүй байна. Шүүх шинжилгээний байгууллага үзлэгээ хийгээд, шийдвэрээ гаргаад цогцсыг аваад явсан. Бид одоо анги руу нь очно гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.