? Х.Нямбаатар: Давс бодисны хэрэглээ их байлгах сонирхол байх шиг байна

Нийслэл хотод 16 цаг үргэлжлэн орсон цасны улмаас халтиргаа гулгаа ихээр үүссэн. Өнгөрсөн цагуудад тусгай зориулалтын шүүртэй машин 4, ачилтанд 2 механизм, давс, бодис цацдаг 9 Камаз өдрийн 13:00 цагаас хойш нийт 104 тонн давс /цас хайлалтын үр дүнг сайжруулах үүднээс 4 тонн бодис/ авто замуудад цацаж ажилласан бөгөөд цаг үеийн нөхцөл байдлаас харгалзан нэмэхээр төлөвтэй байна.

НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнгөрсөн шөнөжин хотын хэмжээнд ажиллажээ. Тэрбээр өөрийн байр суурийг хүргэлээ. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар:

-Өнгөрсөн шөнө хотын хэмжээнд 100 гаруй мянган тонн давс цацсан. Ирэх 11 дүгээр сарын 13-нд НИТХ-ын ээлжит хуралдааныг зарлаж хотод шаардлагатай цас ачих, хусах, бодис, давс цацдаг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж авах асуудлыг хэлэлцүүлэхээр болсон. Ажлын хэсэг урд хөршид ажиллаж, судалж байна. Надтай холбогдож, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийн талаарх мэдээллийг өгсөн. Маргааш /2023.11.05/ ажлын хэсгийг хуралдуулж ярилцана. НИТХ хөрөнгийг шийдээд өгчихвөл яаралтай тендер зарлаж, ондоо багтааж уг машинуудыг оруулж ирнэ. Ирэх 2024.01.01-ээс эхлэн зургаан дүүрэгт хуваарилан өгнө. 

Хот нийтийн аж ахуйн бодлогод зарчмын том өөрчлөлт гарна гэдгийг хэлье. 

Гэрэлтүүлгийн стандартыг шинэчлэхгүй бол хэцүү болсныг та бүхэн харж байна. Сувагчлал, шилэн кабелиудыг газраар явуулахгүй бол агаарын сувагчлал хотын өнгө үзэмжид асар муугаар нөлөөлж байна.

Хотын соёл гэдэг бол бусдыг шүүмжлэхээс өмнө өөрийн соёлоос эхлэх хэрэгтэй. Би өөрөө хог хаядаг бил үү, нус цэрээ хаядаг бил үү гэдгээс эхлэх ёстой. Орчин цагийн соёлтой хотын иргэнийг төлөвшүүлэх хамгийн хэцүү байсан гэж Сингапурыг үндэслэн байгуулагч хэлж байсан.

Нэгдүгээр эгнээ бол хотын өнгө үзэмж нүүр царай болох ёстой. Тоног төхөөрөмж худалдах, гар дээрээс худалдаа хийх, хаягдал төмөр авах, угаалгын газар ажиллуулах, CD зарах зэргийг болиулна. Явган хүний замыг шахаад барилга барихаас эхлээд явган хүний зам дээр бараагаа тавиад зарж, хүнээ машин замаар алхуулаад байна.

Өнгөрсөн 30 жилээ дүгнэцгээе. Төрийн албыг "ашиг сонирхол" гэж хардагаа өөрчлөхгүй бол хүчээр явуулна. Хот гэдэг их айл гэх дүрэм рүү нийтээрээ шилжье гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.