Нийслэлийн АН-ын гишүүд, намынхаа дарга Лу.Гантөмөрийг огцрох өргөдлөө өгөхийг шаардаж мэдээлэл хийв.
Нийслэлийн Ардчилсан намын дэд дарга А.Цэрэнбат:
-Лу.Гантөмөрийн хажууд гэмт хэрэгтэн, залилагч, сонгуулиар намаасаа бие дааж нэр дэвшиж байсан хүмүүс дэд дарга болчихсон явж байна. Ийм хүмүүсээр удирдуулахгүй гэдгээ удаа дараа хэлсэн. Хулгай дээрэм, ногоон автобусны хэрэг гарч байхад МАН-тай тохиролцож, үндсэн сөрөг хүчний үйл ажиллагаагаа хийхгүй алга болчихдог. АН-ын дүүргийн намын дарга нар, Нийслэлийн Үндсэн дүрмийн хорооны гишүүд нийлээд АН-ын гишүүдийн эрх ашгийг хамгаалах түр хороо байгуулсан. АН-ын даргаар Лу.Гантөмөрийг дэмжиж ажиллаж чадахгүй гэдгээ үүгээр илэрхийлж байна.
Ийм байдлаараа ирэх сонгуульд ялах итгэл үнэмшил гишүүдэд алга. Магадгүй намын удирдлагад байгаа 15 дэд дарга, 40 улс төрийн зөвлөлийн гишүүд хамтарсан Засаг байгуулаад, Шадар сайдаар Л.Гантөмөрийг тавиад бусад нь агентлагийн дарга, дэд сайд болно гэдэг мөрөөдөлтэй чимээгүй байх шиг байна.
Бидэнд сонгуулийн тэмцлийг удирдаж чадах дайчин, нам дотроо хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний хүн хэрэгтэй байна гэв.
АН-ын Үндсэн дүрмийн хорооны гишүүн Х.Алтанхуяг:
-Хавраас хойш Лу.Гантөмөр намын байрандаа ирсэнгүй. "Долоон сарын дараа сонгууль боллоо" гэхээр гарч ирээд "Над руу дайрч байгаа хүмүүс МАН-ын тагнуул" гэдэг. Шаардлага тавьсан гишүүдээ тагнуулаар нь дууддаг намын дарга урьд хожид байгаагүй. УИХ-ын гишүүд ч Лу.Гантөмөрийг ажлаа хийхгүй байгааг ярьж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа цар тахлын үед ёс зүйгээ бодоод ажлаа өгч байсан. Лу.Гантөмөр ч ёс зүйтэй 200 мянган гишүүнээ бодоод өргөдлөө өгөх хэрэгтэй гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Угаасаа АН д хэнч дарга болсон ялгаагүй. Эвсэж нэгдэж чадахгүй хүмүүс шүү дээ. Соц нийгмийн үед хүний үг сонсож чаддагүй ажил хийх дургүй тийм хүмүүсийн нэгдэл босож ардчилсан нийгэм гэж энэ үл бүтэх нийгмийг байгуулсан тул хоорондоо нэгдэж үйл ажиллагаа явуулж чадахгүй ш дээ.