Д.Сумъяабазарын ногоон автобуснаас "цавчсан" 10 сая ам.долларыг Монголбанк царцаасан уу?

Үндэсний хөрөнгө оруулалтын банканд эх сурвалж нь тодорхойгүй 10 сая ам.доллар орж ирсэн талаарх албан бус мэдээлэл байна. Түүнчлэн энэхүү 10 сая ам.долларын гүйлгээг Монголбанкнаас шалгаж, эх сурвалж нь тодорхойгүй тул “царцаасан” гэх мэдээлэл байгаа юм. Энэ талаар Монголбанкны холбогдох албан тушаалтнаас тодруулахад “Энэ тухай дуулсан мэдээлэл алга байна. Гэхдээ Үндэсний хөрөнгө оруулалтын банканд Монгол банкнаас хянан шалгагч томилон ажлуулж байгаа” гэлээ.

Энэхүү гадаад валютын гүйлгээ нь эх сурвалж нь тодорхойгүй, нөгөөтэйгүүр Үндэсний хөрөнгө оруулалтын банкаар дамжсан нь хотын экс дарга Д.Сумьяабазарын ногоон авбусны худалдан авалттай холбоотой байж болзошгүй гэж хардаж байгаа ажээ. Тодруулбал, ногоон автобусны хэргээр баривчлагдсан “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал  А.Ганхуяг нь ногоон автобусны урьдчилгаа болох 130 орчим тэрбум төгрөгийнхөө 70 тэрбумыг БНСУ-ын тал руу шилжүүлсэн нь тогтоогдоод байгаа. Харин үлдэгдэл 60 тэрбум төгрөгийг хаана нуусан, хадгалсан, байршуулсан гэдгээ хэлэхгүй байгаа талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бичиж байгаа.

Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумьяабазар  нь Үндэсний хөрөнгө оруулалтын банкны үүсгэн байгуулагч. Тус банкны хувь эзэмшигчдийг бүртгэлээс харвал, Д.Сумьяабазар, түүний төрсөн дүү Долгорсүрэнгийн Дагвадорж, хадам дүү Чуваамэдийн Маралмаа, найз Б.Банзрагч болон  гадаадын хөрөнгө оруулалттай “UB diversified” компани тус тус хувьцаа эзэмшдэг байна.

Иймд экс дарга өөрийн эзэмшлийн хувийн банкаараа дамжуулж, ногоон автобусны худалдан авалтаас “цавчсан” мөнгөө БНСУ-ын талаас шилжүүлэн авсан байж болзошгүй гэх хардлага байгаа юм.

Ямартай ч Монголбанкнаас Үндэсний хөрөнгө оруулалтын банканд Хянан шалгагч томилон ажиллуулж, шалгалтын ажлыг явуулж байгаа аж.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.