Сэжигтэн Г.Гантулга: Би нөгөө охиныг хулгайлсан залуу байна. Гэхдээ охин амьд
Дорноговь аймагт аравдугаар сарын 3-ны өдөр сураггүй алга болсон 12 настай “Д” охиныг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилсээр байна. Эрлийн ажиллагааг цагдаагийн байгууллагаас хүч нэмэгдүүлэн хийж байгаагаас гадна агаараас эрэн хайсаар байгаа юм.
Охиныг хулгайлж авч явсан сэжигтэн Г.Гантулгыг Манлай сумын замын гэр гуанзнаас жолооч нар барьж саатуулсан байдаг. Барьж саатуулахаас өмнө тэрээр хайчаар өөрийн хэвлий тус газраа хоёр удаа дүрж, амиа егүүтгэх оролдлого хийжээ. Түүний талаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан "Өмнө нь хүүхэд хүчирхийлсэн хэргээр 12 жилийн ял авч, Авдрантад хоригдож байгаад гарч ирсэн" гэх мэдээллийг өгөөд байгаа юм.
Харин өнөөдрийн "Өдрийн сонин"-д сэжигтнийг барьж саатуулсан нэгэн иргэнээс ярилцлага авчээ.
Сэжигтнийг саатуулсан иргэн:
-Дорноговиос алга болсон хүүхдийг тээвэрлэж яваа машин Манлай сумын нутагт явж байж магадгүй гэх мэдээллийг сум даяараа авсан. Жи обудтай саарал өнгийн Приус явж байгааг анхаараарай гэж ярилцаж байсан.
Ингээд М гэдэг жолооч 16,00 цагийн үед цагаан өнгийн Приус машин зогсоосон байдаг юм. Сэжигтнийг таньсан. Бусад жолооч нарт мэдэгдсэн. Жолооч нар хоорондоо ярьж нэг нь сэжиг авахуулалгүйгээр замын цайны газарт дагуулж ирэхээр тохирсон.
Сэжигтэн этгээд 160 гаруй см өндөртэй, 60-70 орчим кг жинтэй байсан. "Мандахаас явж байна. Манлай орж найзыгаа авах санаатай" гэж хэлж байсан.
Жолооч нарын дунд дөрвөн жил цагдаа хийсэн хүн байсан. Тэр цайны газраас "Хоёулаа ярилцъя" гэж дагуулж гараад "Би чамайг мэдэж байна. Чи хэрэг төвөгт холбогдчихсон юм биш үү?!" гэхэд "Тийм ээ, би нөгөө охиныг хулгайлсан залуу байна. Гэхдээ охин амьд" гэж хэлсэн байсан.
"Би цагдаагийн ажилтан байна. Чамайг энд саатуулна. Эхлээд чи тайван ороод хоолоо идчих" гэсэн. Жолооч нар гадаа ярилцаад үлдсэн. Дотор тогооч эмэгтэйгээс өөр хүн байгаагүй.
Гэтэл тогоочийг заал руу ортол хайчаар өөрийнхөө гэдэс рүүгээ дүрчихсэн зогсож байсан гэсэн. Тогооч орилоод үүд рүү гарах гэтэл дахин дүрсэн. Тэгээд хайчаа бариад тогооч руу дайрсан. Тогооч бултаж амжсан. Ямар нэгэн гэмтэл аваагүй.
Жолооч нар тал талаас нь барьж авсан. Тагнуулд мэдэгдсэн, Манлай сум руу дуудлага өгсөн. Гэдсэн тус газраа хоёр удаа дөрвөн см орчим зүсчихсэн, цус алдалттай байсан" гэж ярьжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.