?LIVE: Б.Дэлгэрсайхан: Хүүхэд хулгайлсан энэ нөхөр өмнө нь хүүхэд хүчиндсэн хэргээр ял эдэлсэн хүн байна лээ
Түгжрэлийн сайдаар томилогдож байгаа УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханаас тодрууллаа. Дорноговь аймагт 12 настай охин алга болоод, одоо болтол эрэн хайх ажиллагаа явагдаж байгаа билээ.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:
-Дорноговь аймагт 2017 онд 32 байршилд 69 камер суурилуулсан. Дорноговь аймгийн цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж камер нь эвдрэх гэмтэх асуудал гарсан юм билээ. Одоо бүх камерыг шинэчлэх ажил нэн тэргүүний асуудал болж байна.
Камержуулалтыг орон нутаг нь хариуцаад явах ёстой. Суман дээр камер засна, сайжруулна гээд 130 сая төгрөг тавигдсан юм билээ. Гэхдээ энэ ажил хийгдээгүй. Үүнийг би өөрөө шалгана, асуудал ярина.
Өмнө нь 2016 онд Замын-Үүдийг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар камержуулах санал тавьсан ч ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх болиулсан. Хэрвээ тухайн үед энэ ажлыг хийж хэрэгжүүлсэн бол Сэржмядаг охины асуудал яах байсан бол гэх мэтчилэн ямарваа нэг асуудалд улс төржүүлсэн тээг саад байна.
Дорноговьд алга болсон хүүхдийн асуудалд байнгын холбоотой байна. Эрэн хайх ажиллагааг шуурхайлах зорилгоор хувиасаа нисдэг тэрэгний зардлыг гаргаж, өнөөдөр өглөө нисгэсэн. Улсыг хүлээж байхаар сэтгэл гаргасан л үйлдэл. Мөнгөн дүнг нь одоо хэлээд яах вэ. Одоогийн энэ хүүхэд хулгайлсан нөхөр бага насны хүүхэд хүчиндсэн хэргээр Авдрантын шоронд 12 жил суугаад гарсан нөхөр байна лээ.
Хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хувь гишүүний хувьд цаазаар авах ял байх ёстой гэсэн байр суурьтай байдаг.
Хүүхдийн хамгаалах чиглэлд олон төрлийн ажил хийгдэж байна. Хэдий хэмжээний төсөв хөрөнгө суугдсан талаар мэдээлэл алга байна.
Дорноговь аймгийг бүрэн камержуулахад 1.5 тэрбум төгрөг шаардлагатай юм байна гэдэг тооцоолол гарсан гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.