?LIVE: ШИНЭ намаас 2021, 2022 оны 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг яаралтай олгохыг шаардав
ШИНЭ намаас Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж байна. Тус намаас 2021, 2022 оны 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг яаралтай олгохыг шаардав.
Мөн Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэд “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 1072 хувьцааны асуудлаар шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдэв.
Тус шаардлагад
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танд ШИНЭ намын зүгээс 2020, 2022 онд хоёр удаа “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааг Монгол Улсын иргэн бүрд өмчлүүлэх тухай хуулийн төслийг хүргүүлсэн билээ. 2022 онд энэхүү хуулийн төслийг танд дахин хүргүүлэхдээ 12 шаардлага бүхий албан тоотыг хамт өгсөн. Бидний шаардлагад өнөөдрийг хүртэл дэмжсэн, татгалзсан хариу огт ирүүлсэнгүй. “Эрдэнэс Тавантолгой” компани төрийн мэдэлд байснаар сүүлийн 12 жил тус компани дээр нүүрсний хулгай, тендерийн шахаа, тээврийн зөвшөөрлийн дамын наймаа, оффтейк гэрээний мөнгө угаалт, хувьцааны хулгай хэрээс хэтэрч, хулгай луйврыг нэг этгээд бус төр, хувийн хэвшлүүд оролцсон гэмт бүлэглэлүүд үйлдэж, тэдний хууль бус үйлдлийг хууль, шүүхийн байгууллага үнэн зөвөөр шийдэж чадна гэдэг ард түмэн итгэхгүй болжээ.
Байгалийн баялгийн өгөөжийг бодитоор хүртэж, ард иргэдээ эдийн засгийн эрх чөлөөнд хүргэх боломж нь нөөцөөрөө дэлхийд эхний тавд орох “Эрдэнэс Тавантолгой” компанийн төрийн мэдлийн хувьцааг иргэдэд өмчлүүлж, захиран зарцуулах эрхийг нээж, Хөрөнгийн биржид хувьцааг бүртгүүлэх явдал юм. Хувьцааг ард түмэнд өгвөл Тавантолгойг алдана гэж ойлгодог тойрон хүрээлэгчдийнхээ ятгалгаас салж, нөөцөөрөө дэлхийд эхний тавд ордог, өмчийн маргаангүй ганц ордоо ашиглаад, улс орноо 34 тэрбум ам.долларын өрнөөс гаргах, иргэдээ ядуурлаас гаргахыг дараах 10 шаардлагын хамт хүргүүлж байна. Үүнд:
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны нэрлэсэн үнийг зах зээлийн зарчимд нийцүүлэн шинээр тогтоох;
2. 1072 ширхэг хувьцаа эзэмшигчдийн тоог эцсийн байдлаар гаргах;
3. 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн бүх хүүхдэд хувьцааг олгох;
4. Төрийн мэдлийн хувьцааг иргэн бүрд эн тэнцүү, үнэ төлбөргүй өмчлүүлэх;
5. Иргэдийн хувьцаа захиран зарцуулах эрхийг хаасан Засгийн газрын 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 181 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, захиран зарцуулах эрхийг нээх;
6. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Хөрөнгийн биржид бүртгүүлэх;
7. 2021, 2022 оны 1072 ш хувьцааны ногдол ашгийг яаралтай олгох;
8. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2019, 2020 оны аудитын дүгнэлтэд дурдсанаар 992 сая 400 мянган ширхэг хувьцааг төр иргэнээсээ буцаан авсан байна. Энэ нь 2012 оны үнээр 926 тэрбум төгрөгийн хувьцаа бөгөөд энэхүү хувьцаа өнөөдөр хаана, ямар бүртгэлтэй байгаа нь тодорхойгүй байгааг нэн яаралтай тодруулж, ард түмэн, нийт хувьцаа эзэмшигчдэд мэдээлэх;
9. Тус компанид төрийн мэдлийн хувьцаа 85 хувь байсан бол 2019 оны аудитын дүгнэлтэд дурдсанаар төрийн мэдлийн хувьцаа 81,5 хувь буюу 525 сая ширхэгээр буурсан шалтгааныг нэн яаралтай тодруулж, ард түмэн, нийт хувьцаа эзэмшигчдэд мэдээлэх;
10. Дээрх хоёр тохиолдлоор нийт 1 517 400 000 ширхэг хувьцааны бүртгэл, эзэмшигчийг яаралтай тодруулж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцуулах;
Эдгээр шаардлагын дагуу ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж буй талаар хариу ирүүлэхийг шаардаж байна гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.