ЦЕГ: Долоон настай хүүгийн үхэлд хойд эцэг "Б"-г холбогдуулан цагдан хорьсон

Дорнод аймгийн Хэрлэн сумаас 7 настай хүү гэрээсээ гараад сураггүй алга болсон талаар бид мэдээлсэн. Өчигдөр хүү нас барсан байдалтай олджээ. Урьдчилсан үзлэгээр гадны нөлөөтэй нас барсан гэж үзэж байгаа юм. Хэрэгт холбогдуулан хүүгийн хойд эцэг болох 34 настай "Б" гэгчийг шалгаж эхэлжээ. 

Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс “Дорнод аймгийн Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 26-ны өдөр 21 цагийн үед иргэн “Миний 7 настай хүү 25-ны өдрөөс хойш алга болсон” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Уг дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газрын дэд даргаар ахлуулсан бие бүрэлдэхүүн эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан. Эрэн сурвалжлах ажиллагааны дагуу есдүгээр сарын 28-ны 16 цагийн үед Хэрлэн сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт 7 настай хүүгийн цогцос олдсон. Хэрэгт холбогдуулан 34 настай "Б" гэгч этгээдийг эрүүгийн хэрэг үүсгэж цагдан хорьсон. Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа учир нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.