Цагдаагийн ахмадад хүч хэрэглэн, заналхийлсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэв
Иргэн О нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 17 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрлаж буй хашааны дотор талд буюу Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хориглосон газарт жагсаал, цуглаан хийж болохгүй журамыг зөрчжээ.
Улмаар Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад О-гийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн цохиж “би чамайг цохье, чи намайг алах юмуу, “чиний хүүхдүүд эхнэрийг чинь хятад доороо дэвсээд хэвтэнэ за юу” гэх зэргээр дайрч доромжлон биед нь халдаж эсэргүүцсэн” гэмт хэрэгт холбогджээ.
Прокуророос О-г Эрүүгийн хуульд заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хуульд “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол” 2,700,000-аас 14,000,000 төгрөгөөр торгох, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилсан.
Шүүх О-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, О-ийн гэм буруутай үйлдэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан үзэж шүүгдэгч О-д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.